Б.Долгорсүрэн: Монгол улс “Саарал жагсаалт”-аас түүхэнд байхгүй хурдан хугацаанд гарсан
2020-11-05

 

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй Монгол улс саарал жагсаалтаас гарсан нь, дахин орох эрсдэл, зээлийн аппликэйшнийн талаар ярилцлаа.

 

-Саарал жагсаалтаас гарахад санхүүгийн зохицуулах хороо тодорхой аргыг авсан гэсэн. Тэдгээр арга хэмжээг аваагүй бол ямар эрсдэлд орох аюултай байсан бэ?

 

-Олон улсын байгууллага Монгол Улсад зургаан үүрэг даалгавар өгсөн. Энэ нь санхүүтэй холбоотой асуудал байсан юм. Нэг ёсондоо санхүүгийн салбар дахь хяналт шалгалтаа сайжруул, илэрсэн зөрчил дутагдалдаа тохирохуйц арга хэмжээг ав. Дахин үйлдэхээс сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг гарга гэсэн албан шаардлага байв. Түүний хүрээнд ажиллагааг маш эрчимтэй хийсэн. Хууль дүрэм журам бүгдийг олон улсын стандартад нийцүүлсэн. Тэр хэмжээнд энэ онд бид зөвхөн мөнгө угаах чиглэлийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. 12 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлсэн байгаа. Энэ маань нэг ёсондоо олон улсаас болон Монгол улсын хууль тогтоомж гаргах эрх бүхий байгууллагаас гаргасан шаардлага, ялангуяа мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг хэрэгслийг хангаж чадахгүй бол санхүүгийн зах зээл дээр ажиллуулахгүй гэдэг шаардлага маш хатуу байсан л даа.

 

Бизнесийн мэргэжлийн үзүүлэлтийг төр хянах хэрэгтэй. Яагаад гэвэл төрийн хяналтгүй явсан хоёр санхүүгийн салбар бий. Нэг нь үл хөдлөх эд хөрөнгийн салбар нөгөө нь үнэт металл үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар юм. Энэ хоёр салбарт төрийн зохицуулалт байгаагүй. Нэг ёсондоо хэнээс ч тусгай зөвшөөрөл авдаггүй, өөрийн дураар байсныг хорооны зохицуулалтад оруулах гэж байна. Тэд өөрсдөө ч энэ зохицуулалтад таатай байгаа. Учир нь төрд хандах, эрх ашгаа хамгаалуулах сувагтай боллоо гэж үзэж байгаа. Тухайн үйлчлүүлж байгаа үл хөдлөх зуучлагч төрийн тусгай хамгаалалтад тодорхой хэмжээнд орсон. Зөвхөн үйлчлүүлэгч талаа хамгаалдаг биш хөрөнгө оруулагч талаа хамгаалдаг байя. Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хамгаалдаг учраас тэр. Ингэснээр тэд төрийн хамгаалалт, зохицуулалтад орж байна гэсэн үг.

 

Саарал жагсаалтаас гарах асуудал нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны асуудал биш юм. Төрийн бүх байгууллагуудын ажил. Сүүлийн хоёр жил ялангуяа төрийн байгууллагууд маш нягт хамтарч ажиллалаа. Хамтын ажиллагааны зөвлөл болон үндэсний зөвлөлийн хүрээнд төрийн байгууллагууд хамтарсан. Үүний үр дүнд Монгол улс “Саарал жагсаалт”-аас түүхэнд байхгүй хурдан хугацаанд гарч чадлаа. Саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд 18 сарын дотор Серби улс гарсан түүх бий. Сая Монгол улс зургаан сарын дотор ФАТФ-аас өгсөн үүргийг биелүүлж дуусан ч үйл явц нь үргэлжлэн өрнөсөөр нэг жил боллоо. Ингээд 12 сарын дотор манай улс "Саарал жагсаалт"-аас гарсан байна. Энэ бол маш том амжилт. Бид заавал нэг зүйлийг хэлэх ёстой. Хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагууд ялангуяа санхүүгийн зах зээлд оролцож байгаа мэргэжлийн  байгууллагууд оролцоо "Саарал жагсаалт"-аас гарахад чухал нөлөө үзүүлсэн. Энэ бол зөвхөн төрийн байгууллагын амжилт биш. Тэдэнтэй нягт нямбай ажилласны хүчинд Монгол улс хамгийн богино хугацаанд стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарсан. Үүнд манай санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн оролцогч, ард иргэддээ бүгдэд нь баярлалаа гэж хэлэх ёстой.

 

-Манай улс дахиж "Саарал жагсаалт"-д орох эрсдэл байгаа юу?

 

-Жилээс жилд ФАТФ-ын тавих шаардлага чангарч байна. Анх Монгол Улс энэ жагсаалтад ороод гарсан. Тэр үед харьцангуй сул байснаа дараа жилээс нь чангарсан юм. 2023 онд тэр шаардлага дахиад чангарах магадлалтай. Яагаад гэвэл жилээс жилд санхүү, нийгмийн салбар хавтгайрч байна. Хоорондоо хамааралтай болж хил дамнасан худалдаа, хил дамнасан санхүүгийн гүйлгээ нэмэгдлээ. Тиймээс бусад орнуудад тавигдах 40 шаардлага, төсвийн зөвлөмж шууд хэрэгслийн 11 шаардлага бидний харж байгаагаар чангарна.

 

Монгол улс 2023 онд харилцан үнэлгээний тайланд орно. Дэлхийн ФАТФ-аас тавьдаг шаардлагаар улс орнууд таван жил тутамд уг үнэлгээний тайланд орох ёстой байдаг. Нэг ёсондоо 40 зөвлөмж, 11 шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдгээ хянуулах юм. Бид энэ эрчээ сулруулж, ач холбогдол өгөхгүй, иргэд, төр анхаарлаа жаахан л сулруулбал “Саарал жагсаалт”-д дахин орох эрсдэл бий.

 

-Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд ирэх хүүгийн дарамтад ямар хяналт тавьдаг вэ?

 

-Иргэд хүүнээсээ салах хэрэгтэй. Хяналт шалгалт нь хоёр янзаар явагддаг. Зайнаас болон газар дээрх гэж бий. Зайны шалгалт нь улирал болгон санхүүгийн тайлан авдаг. Тэдгээрт үндэслэн үзүүлэлтээр хянадаг. Мөн иргэд, олон нийтийн байгууллагаас ирсэн өргөдлийг шалгана. Энэ нь зээлийн хүүтэй холбоотой. Зээлийн хүүгийн тооцоолол бууруулна. Зарим зээлдэгчид гомдол гаргадаг. Тухайн байгууллагатайгаа тодорхой хэмжээний зөрчил үүсгэхэд байгууллага нь зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд оруулахдаа ангиллыг нь бууруулан тавьдаг. Санхүүгийн зохицуулах хороо энэ маргааныг бүгдийг нь 100 хувь харилцагч талд нь шийдэж өгдөг. Учир нь тэр хүн зээл аваад хариуцлагагүй хандсан байлаа гэхэд иргэнд ямарваа нэг байгууллагын үзэмжээр хандаж болохгүй. Иймд зээлийн мэдээллийн сангийн үнэлгээг нь өсгүүлж зээлдэгчээ хамгаалдаг.

 

Банк бус байгууллагууд өөрсдөө хүүгээ тогтоодог уу?

 

-Төр, засгаас зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох гэж байгаа. Одоогоор ямар ч дүрэмд зээлийн хязгаарыг тогтоогоогүй. Тухайн байгууллага зэх зээлийн эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр хүүгээ тогтооцгоож байгаа юм. Гэхдээ хүүгийн түвшин буурч байгаа юу гэвэл жилээс жилд буурч байна.

 

-Эдийн засгийн хямралын энэ үед зээлийн аппликэйшн байгуулагдах нь цаг үедээ хэр өгөөжтэй байна вэ?

 

-Өөрийн үзлээ хэлэхэд дэлхий цахимжиж байна. Санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байх нэг зарчим бол цахимжих байдаг. Хүнд хамгийн хямд, хамгийн хурдан байдлаар зээл олгогдох ёстой. Дижитал хэлбэрээр зээл авсан хүмүүс хохирч байна гэж ярьж байна лээ. Энэ бол дараагийн шатны буюу хувь хүний асуудал. Тухайн хүн өөрийн эрстэлээ даан зээл авч байгаа. Энэ бол олгож байгаа болон зээл авч байгаа хүмүүсийн дундах зээлийн харилцаа шүү дээ. Түүнээс буш дижитал технологи хэрэглэснээс болж алдагдалд орно гэж байхгүй. Үүний зарчим маш энгийн. Санхүүгийн салбар дижитал хэлбэрт шилжиж даатгал, зээлийн үйлчилгээ бүгд төрийн лавлагаа мэдээллийн адил цахимжвал том дэвшил.

 

-Валют арилжааны газар иргэдэд НӨАТ-ын баримт өгөх ёстой байтал зарим газрууд өгөхгүй байна. Хяналт шалгалтаар ийм зөрчилтэй хэчнээн газар илэрсэн бэ?

 

-Гадаад валютын арилжааг цэгцлэх, ялангуяа түүгээр дамжиж ямарваа санхүүгийн эрх ашиг, мөнгө угаах түүнтэй тэмцэх ажиллагаа явагдаж шалгалт хийсэн.  Банк санхүүгийн 47 байгууллагыг газар дээр нь шалгасан юм. Тэр дундаас 30 байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Дараагаар нь ченжүүдийн цэгцлэх ажиллагаа хийгээд эхэлчихсэн. Нэг ёсондоо гадаад валютын арилжаа эрхэлж байгаа бүх банк санхүүгийн байгууллагууд "хур" системд холбогдож валютыг авч, зарж байгаа үйлдэл болгон дээр нь хурууны хээг нь таниулж, НӨАТ-ын баримтыг бүртгэлд хамруулж байгаа. Энэ шаардлагыг бүх санхүүгийн байгууллагуудад тавьсан. Үүний хэрэгжилтийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллана. Ялангуяа гудманд гараас гарт солилцдог валютын худалдааг таслах ажиллагаа хийгдээд эхэлсэн. Бүх санхүүгийн байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хэрэв хорооноос тавьсан шаардлага, нэг ёсны "хур" системд холбогдох санхүүгийн тайлан мэдээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдах ажиллагаанд иргэдийг таних мэдээлэл гаргахыг шаардсан. Энэ ажлын хүрээ идэвхтэй явагдаж байгаа. Энэ асуудлын цэгцтэй хариу ирэх долоо хоногт гарна.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Tuuhend bhgu hurdan hugatsaand butsaad orohviidee... naad darga naraa idej uudgiig ni boliul...
2020-11-05
тэгээд юугаар гийгүүлэв ??:
Амьдрал улам доошилсоор байна ??
2020-11-05
энэ улсын заяа нь хаяжээ ийм мулгуу махан толгойтнуудаар удирдуулаад
2020-11-05
52828:
Огт орохгүй байх бүрэн боломж байсан. Яагаад энэхүү жагсаалтад орсон? юу, хэний хариуцлаггүй байдлаас болж гэдэгт дүгнэлт хийх, цаашид дахин ийм байдалд орохгүй байх талаар ярихгүй юм. Бүгд ажлаа хийж байсан бол гарлаа энэ тэрээ гэх баатарлаг гавъя байгуулсан зүйл ярих хэрэггүй.
2020-11-05