АНУ-ын сонгууль: Трампын штаб Хууль зүйн сайдад хандав
2020-11-06

АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штаб Невада мужид шуудангаар хууль бус санал өгсөн тохиолдлын талаар мэдээлсан захидллыг тус улсын Хуульзүйн сайд, Ерөнхий прокурор Уильям Баррд илгээсэн талаар Фокс Ньюс суваг мэдээлжээ.

 

"Шуудангаар саналын хуудсыг илгээхдээ журам баримтлаагүй 3062 хүнийг бид илрүүлсэн" хэмээн захидалд өгүүлсэн байна. Ийм зөрчил улам нэмэгдэнэ гэж бүгд найрамдахчууд үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Невада муж нь АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ялахад шаардлагатай 270 саналын зургааг нь өгөх юм. Энэ муж үр дүнг нь таамаглах боломжгүй хөвөгч мужуудын тоонд багтдаг. CNN агентлагийн таамагласнаар энэ мужид саналын хуудасны 89 хувийг тоолж дууссаны дараа Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден  Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампаас 0,9 хувийн саналаар илүү яваа гэнэ. 

 

АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болсон. Энэ сонгуулиар Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Конгрессын Сенатын гуравны нэг болон 13 муж, нутаг дэвсгэрийн захирагчдыг тодруулах юм. Ерөнхийлөгч болохын тулд төлөөлөн сонгогчийн 270-аас доошгүй санал авах ёстой. 

 

Ассошейтед Пресс агентлагийн таамаглалаар, Дональд Трамп 214 төлөөлөн сонгогч, Жозеф Байден 264 төлөөлөн сонгогчийн санал авсан байх магадлалтай байна. Харин CNN болон Америкийн бусад хэвлэлүүдийн таамагласнаар Байден одоогоор 253 саналтай гэж гарчээ. 

АНУ-ын сонгууль: Трамп "Хэвлэлүүдийн санал асуулга худал, би ялна"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Trump2020
2020-11-06