Карабах: В.Путин Т.Эрдогантай дайн зогсоох тохиролцоог хэлэлцэв
2020-11-11

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар утсаар ярилцан, энэ үеэрээ Уулын Карабахд гал зогсоох тухай ОХУ, Армени, Азербайжаны тохиролцооны талаар хэлэлцжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

"11 дүгээр сарын есний өдрийн хамтарсан мэдэгдлээр баталгаажсан Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нартай хийсэн тохиролцооны талаар Владимир Путин  Туркийн төрийн тэргүүнд мэдээлэл өгсөн. Оросын зуучлал, хүчин чармайлтаар Уулын Карабахын сөргөлдөөнийг урт хугацаанд, олон талт байдлаар зохицуулах сайн суурь бүрдэж байгааг өндрөөр үнэлж байгаагаа  Режеп Тайип Эрдоган илэрхийллээ" хэмээн Кремлийн хэвлэлийн албаны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн талууд байлдааны ажиллагааг зогсоох боломж олгосон гал бүрэн зогсоох тохиролцоонд хүрсний чухлыг онцлоод, мэдэгдэлд дурдсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

 

Мөн Путин, Эрдоган нар улс төрийн явцыг үргэлжлүүлэх, хүмүүнлэгийн асуудлуудыг шийдэх тал дээр Сирийн асуудалд хамтран ажиллах талаар хэлэлцсэн гэж Кремль онцолжээ. 

 

Эргэн сануулахад, 11 дүгээр сарын есний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар УУлын Карабах дахь байлдааны ажиллагааг бүрэн зогсоох талаар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийн дагуу сөргөлдөөний шугам болон Лачинскийн хонгилын дагуу Оросын энхийг сахиулах хүчин байршиж, бүс нутагт энх тайвныг тогтоох аж.

 

Түүнчлэн Оросын Холбооны аюулгүй байдлылн албаны Хилийн албаны байгууллагууд Азербайжан болон Нахичеваны автономт бүгд найрамдах улсын баруун бүс нутгууд хоорондын тээврийн харилцаанд хяналт тавихаар болжээ. Энэхүү мэдэгдэл гарсан талаар Арменийн Ерөнхий сайд Николь Пашинян 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлсэн бол Кремль ч мөн энэ мэдээллийг баталсан байна. 

 

Мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Уулын Карабахд Оросын төдийгүй Туркийн энхийг сахиулагчид байршина гэж мэдэгдэж байв. 

Карабах дахь хямрал

Уулын Карабахд есдүгээр сарын 27-ны өдөр нөхцөл байдал хурцадсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд өрнөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Уулын Карабах 1988 онд Азербайжаны бүрэлдэхүүнээс тусгаарласнаас үүдэлтэй хоёр талын сөргөлдөөн 1994 он хүртэл үргэлжилж, зэвсэгт мөргөлдөөн 1994 онд Орос болон Киргизийн зуучлалаар зогсож байлаа. 

 

Олон улсын оролцоотойгоор хэлэлцээрийн замаар шийдвэрлэх гэж хичээсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ийнхүү өнгөрсөн сарын сүүлээр талууд тулалдаж эхэлсэн юм. Улмаар Арменийн тал дайны байдал, бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлаж, 18-55 насны эрчүүдийг улсаасаа гарахыг хориглосон. Азербайжанд хөл хорих цаг тогтоон, хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин