УОК: Бүхнийг нөөцөлж, бэлтгэсэн тул айж, тэвдэх шаардлагагүй
2020-11-11

Улсын Онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

 

-Халдварыг дотооддоо алдчихлаа. Орны бэлэн байдлын тухай мэдээлэл өгөхгүй юу?

 

-ХӨСҮТ-д заавал эмчлүүлэх шаардлагагүй өвчтөнийг дүүрэгт шилжүүлж 250 ор гаргасан. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан энхийг сахиулагчдыг энгийн буудалд шилжүүлж 500 ор гаргаад байна. Мөн Яармаг дахь хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулсан. Ойролцоогоор 1000 орны бэлэн байдлыг хангаад байна. 

 

-Хамгаалах хувцасны нөөц хангалттай бий юу?

 

-Хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц хангалттай бий. Багадаа гурван сарын нөөц байгаа. Хамгаалах хувцас хэрэглэлийг манай улс чанартай хэмжээнд үйлдвэрлэж байгаа учраас халдвар хамгаалал алдагдана гэж санаа зовохгүй байж болно. 

 

-Энхсаран сувилалд онцгой дэглэм алдагдсан байж болзошгүй мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу? 

 

-"Энх саран" сувилалд халдвар алдагдсан байж болзошгүй гэдэг таамаглалд үндэслэн тусгаарлагдсан хүмүүсийг ХӨСҮТ-д шилжүүлэн байрлуулсан.

 

-Халдвартай иргэний явсан маршрутыг тодорхой болгож өгөхгүй юу? 

 

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмж, аргачлалаар хавьтал болсон байж болзошгүй хүмүүсийг тогтоодог. Манай улс энэ аргаар хэд хэдэн удаа хавьтал тогтоох ажлыг бусад холбогдох байгууллагууд хамтран хийж туршлагжсан гэж хэлж болно. Олон нийтэд дэлгэсэн маршрут бол ерөнхий зураглал. Хэн хаанаас гаргаж тавьсныг судална. Гэхдээ үүнийг ард түмэнд мэдээллэх нь буруу биш. Энэ маршрут дээр бид ажилласан. Шууд хавьтлын хүмүүсийг тогтоож ХӨСҮТ-д аваачин шинжилгээ хийж байна. Мөн ойрын хавьтал, дам хавьтал гэж бий. Нэлээд олон тоо гарна. Нуух юм байхгүй. Хэвлэлд гаргасан маршрутаар явсан иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. 

 

-Хавьтал болсон байж болзошгүй гэж бодож байгаа иргэн шинжилгээ өгөхөд үнэ төлбөртэй юу?

 

-Шинжилгээ өгөхөд ямар нэгэн төлбөр байхгүй. Хавьталд орсон байж болзошгүй гэж бодож байгаа хүмүүс ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төвд очоод шинжилгээгээ үнэ, төлбөргүйгээр өгч болно. 
 

-Зах худалдааны төвд бөөгнөрөл үүсээд байна. Хүнсний нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Хүнсний хангамжийн асуудалд Монгол Улс ямар нэгэн байдлаар гачигдах, дутагдах зүйл үгүй. Тиймээс иргэд их хэмжээгээр хүнс нөөцөлж зохиомол хомсдол үүсгэх шаардлага байхгүй. Холбогдох төрийн байгууллагаас үнийн хөөргөдөлд хяналт тавьж эхэлсэн. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин