АНУ: Байден зөвлөхөө өндөр албан тушаалд томилов
2020-11-12

АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэгдэх Жо Байдены зөвлөх асан Рон Клайн Цагаан ордны ажилтнуудын аппаратын даргаар томилжээ. Энэ талаарх мэдэгдлийг Байдены шилжилтийн багийн сайт дээр нийтэлсэн байна. 

 

Клайн АНУ-ын дэд ерөнхийлөгчийн аппаратын дарга, зөвлөхөөр 2009-2011 оны хооронд ажиллаж байсан бөгөөд тухайн үед Барак Обамагийн Ерөнхийлөгчийн захиргаанд Байден дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүнчлэн Билл Клинтоны захиргаад Альбер Гор дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байх үед 1995-1999 оны хооронд мөн дээрх албан тушаалыг Клайн хашдаг байжээ. 

 

"Хамтран ажилласан олон жилийн туршид Рон миний баруун гар байсан, тэр дундаа 2009 онд түүхэн дэх хамгийн хүчтэй уналтын дараа бид Америкийн эдийн засгийг аварсан. Хожим нь 2014 онд эрүүл мэндийн салбар дахь аймшигт хямралтай бид хамтдаа тэмцэж байлаа. Түүний гүн, олон талт туршлага болон улс төрийн төрөл бүрийн үзэл бодолтой хүмүүстэй хамтран ажиллах чадвар нь хямралтай тэмцэх энэ үед, улс орноо сэргээн босгох нөхцөлд нэн чухал зан чанарууд юм" хэмээн Байден цохон тэмдэглэсэн байна.

 

Клайн энэ томилгооны талаар мэдэгдэл хийхдээ "Байден Ерөнхийлөгчид зүтгэх нь нэр төрийн хэрэг" хэмээсэн байна. 2014 онд тэрбээр Эбола вирустэй тэмцэх асуудлын зохицуулагчийн алба хашиж байсан бөгөөд сүүлийн үед Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлын ахлах зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байв.

 

Эргэн сануулахад, АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болж өнгөрсөн. Америкийн тэргүүлэгч хэвлэлүүдийн үнэлгээгээр Байден төрийн тэргүүний суудалд сонгогдоход шаардлагатай 270 саналыг хэдийнэ авсан байна. Байден өөрийгөө сонгуульд ялсан гэж мэдэгдсэн бол өнөөгийн Ерөнхийлөгч Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйн дээр сонгогчдын санал тоолохтой холбоотой асуудлаар шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин