Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн зам ХААЛТТАЙ
2020-11-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад "Ковид-19" халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж батлагдсан тохиолдол 412-т хүрээд байна. Халдварын тархалтыг хумих зорилгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. 

 

Халдвартай иргэдийн зорчсон аймаг, орон нутгийн удирдлагууд болон бусад аймагт халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргажээ. 

 

Тухайлбал Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Бауыржан захирамж гаргажээ.

 

Захирамжаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг болон Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг энэ сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр болов.

 

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл олгосноос бусад тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хязгаарлажээ. 

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар сум, орон нутагтаа орох, гарах чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин