Тусгаарлагдаж байгаа хүмүүсийн зардлыг төр хариуцна
2020-11-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцов.

 

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн хоёр өдрийн байдлаар тусгаарлах байрнаас 259 иргэн гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжих хүмүүст 14 хоногийн хугацаанд дэглэм барих талаар гарын үсэг зурж, баталгаажуулж ажиллаж байна. Өчигдөр/2020.11.14/ гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг Шуурхай штабаас хаягын дагуу хүргэх ажлыг  зохион байгуулж ажилласан. Орон нутаг бүх шатны мэргэжлийн байгууллага хамтран гэрийн ажиглалтад байгаа хүмүүст хяналт тавьж ажиллаж байна.

 

Шуурхай штабт хоногт дунджаар 1300 гаруй дуудлага санал хүсэлт ирж байгаа. Тухай бүрд нь шийдвэрлэж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаа ачаалалтай байгаа. Үүнд нэмэлт болгож УОК-ын Шуурхай штабаас удирдлага зохицуулалтаар хангаж, нийслэлийн шуурхай штабаас машин техник дайчлах, хамтарсан ажиллагаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна. ХӨСҮТ-ийн зөвлөмж болгосноор хавьтал болсон 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Нэмэлт тооцоо судалгаа гаргаж, бэлтгэл ханган ажиллаж байгаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Засгийн газрын тогтоол болон УОК-ын гаргасан албан даалгавар холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж ажиллаж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийж ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар онцгой байдлын байгууллагаас 229 албан хаагч, дотоодын цэргийн 2628, мэргэжлийн хяналтын 308, Дотоод хэргийн их сургуулиас 279, олон нийтийн цагдаа 100, нийт 5167 албан хаагч 263 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн шуурхай штабаас 11 цэгийн шинжилгээ авах цэгүүд дээр ачаалал их байгаа учир цаашид  шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж байна. 

 

Тусгаарлах байрны 21 хоногийн хугацаа дууссан хүмүүс үргэлжлүүлэн тодорхой хугацаанд тухайн байран дээр байх шаардлага үүссэнтэй холбогдуулаад нэмэлт зардлын асуудлыг хэн шийдэх вэ гэх асуулт, хүсэлт иргэдээс ирж байна.  Нэмэлт зардлын асуудлыг зардлыг цаашид төрөөс шийдэж ажиллана. Мөн хавьтал болсон гэж гурван цэгт тусгаарлаж байгаа хүмүүсийн зардлын асуудлыг төр хариуцна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин