COVID-19: Иран хоёр вакциныг хүн дээр туршиж эхлэв
2020-11-16

Иран улс коронавирусээс сэргийлэх хоёр вакциныг хүн дээр турших ажлаа эхлүүлсэн талаар Ираны Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эм бэлдмэлийн байгууллагын албан ёсны төлөөлөгч  Киануш Джаханпур мэдэгджээ.

 

Хүн дээр турших ажлыг Ираны Анагаах ухааны их сургууль гүйцэтгэх бөгөөд туршилтад сайн дурын олон хүн оролцож байгаа талаар Ираны Эрүүл мэндийн яамны сайт дээр мэдээлсэн байна.

 

Өмнө нь Иран улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар батлагдсан, гадаад улс орнуудын вакциныг худалдан авахад бэлэн гэж мэдэгдэж байлаа. Харин энэ удаад вакцин ийнхүү өөрсдөө вакцин боловсруулж байгаа талаараа зарлажээ. 

 

Тус улсад коронавирусний анхны тохиолдол хоёрдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн гэж эрх баригчид нь мэдэгдэж байсан бөгөөд тэр үеэс хойш коронавирусийн халдварын тохиолдол 750 мянга орчим болсон бол нас барсан хүний тоо 41 мянгыг давсан байна. Сүүлийн хоёр сард энэ улсад тахлын нөхцөл байдал эрс муудаж байгаа бөгөөд есдүгээр сард 3.5 мянган тохиолдол хоногт илэрч байсан бол 11 дүгээр сард шинэ халдвар 11 мянгыг давсан тохиолдол гарч, хэдэнтээ сөрөг дээд амжилт тогтоож байлаа. 

 

Үүнтэй холбоотойгоор Ираны эрх баригчид 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн улс орон даяар хязгаарлалт тогтоох болсон байна. Бүс нутаг бүрийн тахлын нөхцөл байдлаас хамаарч аливаа төрлийн үйл ажиллагааг хэсэгчлэн хорихоос эхлээд бүрэн хориглох хүртэл харилцан адилгүй арга хэмжээ авах аж. Энэ зарчмыг цар тахал дуустал баримтална гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгджээ. 

 

Түүнчлэн, Иранд 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн коронавирусгүй гэдгийг батлах тестийн хариугүй бол иргээдийг автобус, онгоц, галт тэрэг зэрэг нийтийн тээврээр зорчихыг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин