COVID-19: Оросын ЭМЯ тест өгөхдөө анхаарах зүйлсийг сануулжээ
2020-11-16

Орост коронавирусийн халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд хийх тест олширсонтой холбоотой гэж холбогдох байгууллагууд мэдээлж байлаа. 

 

Харин ийнхүү коронавирусийг илрүүлэх тест хийхэд алдаатай хариу цөөнгүй гарчээ. Коронавирусийн шинжилгээ хийх үед эмч нар болон өвчтөнүүдийн үйлдлээс болж хариу нь алдаатай гарч болзошгүй гэж Оросын лабораториуд мэдээлсэн байна. COVID-19 тестийн 40 хүртэлх хувь нь алдаж, сөрөг гэсэн хариу өгөх магадлалтай гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Лабораторийнхны мэдээлснээр, биоматериалыг буруу цуглуулсан эсвэл эдгээр дээжийг тээвэрлэхдээ алдаа гаргасны улмаас хариу нь буруу гарах тохиолдол байдаг гэнэ. Дээж авахдаа эмч нар өвчтөний хацар, хэл, буйл, урууланд хүрч болохгүй аж. Шаардлагатай бүхий  хэрэгслүүдийг ариутгасан байх бөгөөд биоматериалуудыг зохих нөхцөлд хадгалах ёстой юм байна.

 

Тестийн хариу өвчтөний өөрийнх нь бэлтгэлээс мөн хамаардаг гэнэ. Тест өгөхөөс өмнө хоол хүнс идэх, шүдээ угаах, амаа зайлах, бохь зажлах эсвэл тамхи татах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн, эхний шинж тэмдэг илэрснээс хойш цаг алдалгүй тест хийлгэх ёстой гэнэ. Учир нь клиникийн шинж тэмдэг анх илэрснээс хойш хожуу тест хийлгэвэл вирус илрэх магадлал тодорхой түвшин хүртэл буурдаг байна.

 

Сүүлийн үеийн албан мэдээллээр, Орост 68.5 сая тест хийж, нийт тестийн гурван хувийн хариу нь эерэг гарсан байна. Өнгөрсөн хоногт 22 572 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээр энэ улсад нийтдээ 1 925 825 халдварын тохиолдол болсон бол 1 439 985 хүн эдгэрч, 33 186 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин