Энхийг сахиулагчдыг суулгасан 20 онгоц Ереванд ирлээ
2020-11-16

Энхийг сахиулагчдыг суулгасан Оросын Агаар сансрын хүчний 20 онгоц Ереваны онгоцны буудал дээр газардсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдлээ. 

 

Дүрвэгсдэд туслах болон иргэний дэд бүтцийг сэргээн босгох зорилгоор тусгай байгууллага хоорондын төв байгуулагдах аж.

 

"Ээлжит 18 Ил-76 онгоц, хоёр Ан-124 "Руслан" онгоц 15 энхийг сахиулах бригадын зэвсэг техник, бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн Ереваны буудал дээр газардлаа" хэмээн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн өнөөдөртөө багтаад Армени рүү туулах чадвар өндөртэй автомашинууд, автоцистернүүд, экскаваторууд, хуягт тээвэрлэгчид болон бусад техник гээд нийт 58 нэгж техникийг хүргэх аж.

 

Ням гаригт Оросын энхийг сахиулагчид Уулын Карабах дахь өмнөд болон хойд бүсүүдэд байрлах бүхий л ажиглалтын постуудаа байгуулсан байна. Мөн өдөр Оросын хоёр Ан-124 онгоц Ульяновскаас Ереван руу хуягт техник болон энхийг сахиулах нэгтгэлийн анги салбаруудын бие бүрэлдэхүүнийг хүргэжээ.

 

Эргэн сануулахад, энэ оны есдүгээр сарын сүүлээр Карабахын газар нутгийнх маргаанаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд дахин өрнөж, гурван сар орчим хугацаанд талууд дайтаж, ихээхэн хохирол амссанх юм. Энэ хугацаанд гурвантаа гал зогсоох тохиролцоо хийсэн ч талууд мөрдөлгүй, үргэлжлүүлэн байлдсаар байлаа.

 

Улмаар, 11 дүгээр сарын есний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч  Ильхам Алиев болон Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Уулын Карабахд байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичигт бүс нутга руу Оросын энхийг сахиулагчдыг оруулах, талуудын хооронд олзлогсодыг солилцох, Армени Азербайжанд хэд хэдэн бүс нутгийг шилжүүлж өгөх талаар тусгагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НҮБ ийн мандаттай бил үү. Армений хэдэн мянган жилийн түүхийг харахад их сонин юм билээ
2020-11-16