Б.Баатархүү: Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн нийт 28 иргэнийг олж тогтоолоо
2020-11-16


ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү:

 

-Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн нийт 28 иргэнийг илрүүлсэн. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу хүнс тээвэр  ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн нэр бүхий иргэн хүнс тээвэр  бус Ховд аймагт оршин суух зөвшөөрөлтэй 10 иргэн, Говь-Алтай аймагт оршин суух нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймагт хоёр иргэн,  Дундговь аймгийн Даланжаргал сумын постоор энэ сарын 15-16-нд шилжих шөнө автомашинд дөрвөн иргэн сууж нэвтрэх гэснийг нь саатууллаа. Хэнтий аймагт 4, Увс аймагт 2 зэрэг нийт 28 иргэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хөл хорио тогтоосон үед хүнс тээврийн машинд нууцаар явж байгаад тогтоогдлоо. 

 

Мөн цахим орчинд мөрийтэй тоглох асуудал нэмэгдэж байна. Цахим мэдээллийн технологи ашиглан бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын  үйл ажиллагаа явуулж байсан 13 цахим хаягийг илрүүлж, 30 иргэнийг тогтоосон байгаа. Эдгээр найман иргэнд сануулж, зургаан иргэнд зөрчлийн тухай хуульд  заасны дагуу 100 мянган төгрөгөөр торголоо. 

 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед цахим мэдээллийн хэрэгслээр иргэдэд худал мэдээлэл тараасан 39 зөрчлийн шинжтэй  үйлдлийг илрүүлэн таван иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгон, 34 зөрчилд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх иргэдийн гурав нь гадаад улсын иргэн байгаа. ХБНГУ-д оршин сууж байгаа иргэн худал мэдээллийг удаа дараа тараасан асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. 

 

Цахимаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах гэж оролдсон, худалдан борлуулсан нийт 88 зөрчлийг тогтоон холбогдох шалгалтыг явуулж байна. Мөн 7 тээврийн хэрэгслийг саатуулсан. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин