Б.Баатархүү: Хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаалах зөрчлүүд илэрч байна
2020-11-18


 


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.18/ хийлээ.

 

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цахим орчин ашиглан тодорхой төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосонтой холбоотой хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж байгаа зөрчлүүд илэрч байгаа.  Эдгээр өдрүүдэд олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараасан  нийт 44 зөрчлийн шинжтэй  үйлдэлд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүний хүрээнд  зургаан иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгож, 21 төрлийн  хууль бус контент устгуулж ,38 зөрчилд шалгалтын ажил явуулж байгаа.

 

Өчигдөр цахим орчинд "Монгол Улсын хилийг 19 км дотогш татсан байна" гэдэг худал мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ мэдээлэлтэй холбоотой ХХЕГ-аас холбогдох тайлбар залруулгыг гаргасан. Мөн цагдаагийн байгууллагад үүнийг шалгуулахаар хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгаж байна. 

 

Архи согтууруулах зүйл худалдаалахыг хориглосонтой холбоотой цахим орчин ашиглан гар дээрээс худалдаалах, мэдээлэл зар түгээх зөрчлүүд их байна. Энэ дагуу цахим орчинд энэ чиглэлийн мэдээлэл түгээж байсан 90 мэдээллийг шалгаж байна. Үүнээс 11 этгээд гар дээрээс худалдаа эрхэлж байсан.  Тус бүр 100 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, найман тээврийн хэрэгслийг саатуулсан. Мөн цахим орчинд мөрийтэй тоглоом явуулж байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж нийт 75 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагаа  явуулж байна. Зөрчлийн шинжтэй  иргэнийг тус бүр  100 мянган төгрөгөөр торгож, 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоож, гурван асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. 


М.Насан 

Shuud.mn
Сонин хачин