Согтууруулах ундааг хориглосон ч согтуучууд нэмэгдсээр байна
2020-11-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад "Ковид-1" цар тахал дотоодод түгсэнтэй холбогдуулан Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. 

 

Цахим орчинд шар айраг сурагласан, хоёр гурвыг жоорлосон нэгэн нь түүгээрээ аархсан сэтгэгдлүүд хөвөрч байна. "Согтууруулах градус багатай шар айраг, виног худалдахад яах вэ дээ" гэсэн санал, гомдлын завсарт үг дайсан ч харагдсан. Нийтлэлч эрхэм эртнээсээ л дэлхий нийтээрээ дарсаар стрессээ тайлж ирсэн. Худалдахгүй байгаа нь харин ч стресс нэмж байгаа тухай бичсэн байна лээ. Энэ бүхнээс хориглосон ч хүсэл байгаа нь илт. 

 

Хүн хүсвэл аргыг нь олдог гэдэг. Олоод уугаад л байгааг Цагдаагийн ерөнхий газраас өдөр бүр гаргаж буй статистик мэдээ харуулна. 

 

Уг мэдээнд 2020.11.18-ны өдөр согтуугаар автомашин жолоодсон 7, эрүүлжүүлэхэд 83 хүн хоножээ. Харин 2020.11.19-ны өдөр согтуугаар 11 хүн автомашин жолоодож, 51 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Тэгвэл өчигдөр /2020.11.24/ энэ тоо дахин нэмэгдэж согтуугаар автомашин жолоодсон хүний тоо 17 болж, эрүүлжүүлсэн хүн 112 болжээ. 

 

Согтууруулах ундааг хориглочихоод байхад хаанаас олж уугаад байгаа нь сонин. Тэгээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож хий сэлгүүцэхийг зөвшөөрөхгүй байгаа ч согтуугаар автомашин жолоодоод хөдөлгөөнд оролцож яваа нь бүр гайхам. 

 

Олж уудаг нэг байхад, хүргэж өгдөг өөр нэг бизнес цэцэглэжээ. 

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өчигдөр /2020.11.24/ Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нь 1 шил виски, 0.5 литрийн “Сэнгүр” пиво 23 ширхгийг, иргэн О нь “Эдэн” архи 2 шил, 2.5 литрийн “Сэнгүр” пиво 2 ширхгийг, “Хойморь” оффисийн урд СХД-т оршин суух Г, Б нар нь цахим орчноор дуудлагаар “Хараа” 8 шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлжээ. 

 

Мөн БГД-4 хороо Голден парк хотхон 103-8 тоот "Бэст" мини маркет дэлгүүр нь хорио цээрийн дэглэм зөрчиж “Фэйсбүүк” хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн, 126 ширхэг, архи 108 ширхэг пиво зэргийг хураан авч шалгаж байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т

 

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. 

 

Эндээс харахад торгуулиас айхгүй худалдан борлуулах зориг, зүрх амьдралын бизнесийн хэрэгцээ, шаардлага байна. Нөгөө талд хориглосон ч ямар нэг аргаар олж уух сэдэл, хүсэл нь байна. Тиймээс нэг нь нууцаар зарж, нөгөө нь нууцаар уусаар л байх нь мэдээжийн хэрэг бололтой.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин