Өвлийн өвгөнөөс хүүхдүүд ухаалаг утас, томчууд эрүүл мэнд хүсжээ
2020-12-03

Оросын Өвлийн өвгөний ордон Великий Устюгд байрладаг бөгөөд Өвлийн өвгөний шуудангийн хэлтэсийнхэн энэ жил хүүхдүүд болон томчууд ямар бэлэг илүүтэй хүсэж байгаа талаар мэдээлжээ. 

 

Энэ жил хүүхдүүд Өвлийн өвгөнөөс ухаалаг утас, "Лего" тоглоом, "L.O.L" хүүхэлдэй ихээр гуйсан байна. Үүний дараа гироскүтер, дрон, зөөврийн компьютер, планшет гэсэн хүслийн жагсаалт бичигдэх бол унадаг дугуй хүссэн хүүхдүүдийн захидал ч их байгаа талаар Великий Устюгийн шуудангийн хэлтэс мэдээлжээ. Томчуудын ихэнх нь эрүүл мэнд, аз жаргал, элбэг хангалуун амьдрал хүссэний дээр машин, байр зэрэг материаллаг зүйлс хүсжээ.

 

Өнгөрсөн сарын хугацаанд Өвлийн өвгөн 23 мянган захидал хүлээн авснаас 89 хувь нь цахим шуудангаар иржээ. Өвлийн өвгөний шуудангийн алба өдөрт 500-1000 захидал хүлээн авдаг бол 12 дугаар сарын нэгний өдөр хамгийн их буюу 3.5 мянган захидал хүлээн авсан байна.

 

Өвлийн өвгөний шуудан Великийн Устюгийн төвд байх бөгөөд жил бүр 200 орчим мянган захидлыг Орос болон Ойрхи, Алс Дорнодоос хүлээн авдаг аж. Захидал бүрт Өвлийн өвгөн болон түүний туслахууд хариу өгдөг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин