COVID-19: Британид вакцинжуулалт эхлэв
2020-12-08

Барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британи хүн амаа коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэллээ. ВВС агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын наймны мягмар гарагаас эхлэн ахмадын асрах байранд амьдардаг хүмүүс, эмнэлгийн болон олон нийтийн албаны ажилтнууд, түүнчлэн 80-аас дээш насныхныг вакцинд хамруулж эхлэх аж. 

 

Британи улс Pfizer болон ВioNTech компаниудын хамтран гаргасан вакцины клиник туршилтууд дуусмагц вакцинжуулалтад ашиглахаар энэ тарилгыг баталгаажуулсан анхны орон болсон юм. Улмаар нэн тэргүүнд тарилга хийлгэх эрсдлийн бүлэгт ахмад настан, эмч болон өвчтөнүүдийг асардаг олон нийтийн албаны ажилтнуудыг багтаасан. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй байх бөгөөд хууль ёсоор Их Британид амьдарч буй хүн бүр вакцин хийлгэх боломжтой аж. 

 

Энд дуулгахад, Их Британийн Ерөнхий  сайд Борис Жонсон коронавирусийн вакциныг бусдаас түрүүлж хийлгэхээс татгалзаж байгаа талаараа 12 дугаар сарын хоёрны өдөр мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрсөн хавар коронавирусийн халдвар аван эдгэрсэн бөгөөд халдвар авснаасаа хойш сарын дараа үүрэгт ажилдаа эргэн орж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин