Грекийн Ерөнхий сайд: Өвлийн өвгөн вакцин авчирна
2020-12-08

Коронавирусийн вакцин 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, 48 цагийн дараа Грекд ирнэ гэж Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдсэнийг Евроньюс дамжуулжээ. 

 

Грекийн Ерөнхий сайдын өгүүлснээр, Европын эм бэлдмэлийн агентлаг Pfizer вакциныг 12 дугаар сарын 30-ны өдөр дэмжиж, улмаар 48 цагийн дотор Грекд ирэн, вакцинжуулалт эхлэх гэнэ. Вакцины ачаар халдварт саа өвчин дахин дэгдээгүй гэдгийг тэрбээр сануулаад дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдах ёстой гэж  Мицотакис мэдэгджээ. 

 

Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн хамтаар эхний ээлжинд тарилга хийлгүүлж, ингэснээр коронавирусээс сэргийлэх вакцин аюулгүй гэдгийг ард иргэддээ харуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн хоёрдугаар сараас нааш дархлаа тогтохгүй тул наана нь тайвшрах хэрэггүй гэдгийг онцолжээ.

 

"Өвлийн өвгөний уутанд нэг бэлэг бий. Тэр бол вакцин" хэмээн Мицотакис мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Грек улсад 11 дүгээр сарын долооны өдрөөс эхлэн хөл хорио тавигдсан бөгөөд хөл хорионы хугацааг нэгдүгээр сарын долооны өдрийг хүртэл дахин сунгажээ. Грекд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 117 мянгыг давсан бөгөөд эрх баригчид 2021 оны зургадугаар сарын сүүлээс өмнө хүн амаа вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм.

Цар тахалтай тэмцэх Грекийн туршлага

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин