НҮБ-ын хуанлид шинэ өдөр нэмэгдлээ
2020-12-08

НҮБ-ын хуанлид шинэ тэмдэглэлт өдөр нэмэгджээ. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд 12 дугаар сарын 27-ны өдрийг "Тахалд бэлэн байх өдөр" болгон  зарлажээ. Чухамхүү энэ өдөр дэлхий дахин коронавирусийн талаар мэдсэн тул 12 дугаар сарын 27-ны өдрийг сонгосон байна.

 

"Аливаа болзошгүй тахлын эсрэг шуурхай, зүй зохистой хариу арга хэмжээ авахад дээд зэргийн бэлэн байх шаардлагатай" талаар тусгасан тунхаглалыг НҮБ-ын 193 гишүүн орон гаргажээ. 

 

Эргэн сануулахад, шинэ төрлийн коронавирусийн талаарх мэдээлэл анх 2019 оны 12 дугаар сард нийтэд ил болж байлаа. Хятадын эрх баригчид Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх амьсгалын замын өвчний улмаас долоон хүн нас барсан талаар ДЭМБ-д 12 дугаар сарын сүүлээр мэдэгдэж байв. Анхлаад шинэ төрлийн коронавирусийг Хятад болон ойролцоох орнуудад нь тархсан бүс нутгийн хэмжээний "тахал" хэмээн үзэж байсан ч вирус бусад улс орнуудад хурдацтай тархаж, дэлхийн хүн амын эрүүл мэндэд заналхийлж эхлэн, улмаар гуравдугаар сард ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийг "цар тахал" хэмээн зарлаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин