Цар тахал ба хөл хорио: Шинжээчдийн алдааны үнэ цэн
2020-12-09

Төр шийдвэр гаргах асуудлыг хариуцдаг нэр хүндтэй, нөлөөтэй этгээдүүд алдаа гаргавал юу болдог вэ? Пулитцерийн шагналтан Дэвид Мэметийн коронавирусийн цар тахалтай тэмцэхэд чиглэгдсэн бодлогыг эрс шүүмжилсэн нийтлэлийг The Wall Street Journal сонин нийтэлжээ. 

 

Бүхнийг мэддэг хүн гэж үгүй, тиймээс л олон асуудал дээр нийгэм нэр хүндтэйд тооцогдсон бусад хүмүүсийн мэдлэгт найдахаас аргагүй болдог. Гэвч бүх хүн, тэр дундаа эрдэмтэд, өндөр албан тушаалтнууд ч хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй эсвэл засагдахгүй алдаануудыг гаргаж байдаг юм.

 

Мэметийн хэлсэн нь энэ утгаараа ганц хүний оюун ухаан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай "орон нутгийн" шинжтэй мэдээллүүдийг боловсруулах чадамжгүй гэх Ф.А Хайекийн "мэдлэгийн проблем" гэх үзэл баримтлалын нэг хувилбар. Эдгээр асуудлуудыг гишүүн бүр нь тодорхой салбарт мэргэшсэн нийгэм болон эдийн засаг бүхэлдээ шийдэх ёстой юм. Цар тахлын үед тавьсан хөл хорио болон хязгаарлалтууд ч ийн шийдэх ёстой асуудлуудад хамаарна.

 

Мэметийн үзэж байгаагаар хөл хорио бол шинжээчдийн алдаа гэнэ. Өөрсдөө маш бага мэдэх вирусээс хүмүүсийг хамгаалахын тулд шинжээчид хэтийдсэн алхам хийж, эдийн засгийн ихэнх хэсгийг хаан, хүмүүсийг гэртээ үлдэхийг тушаан, "нэн шаардлагатай" биш гэж үзсэн байгууллагуудыг үйл ажиллагаагаа зогсоохыг тулгасан гэж Мэмет бичжээ.

 

Сүүлд хийсэн судалгаагаар, гагцхүү АНУ-д гэхэд л цар тахалтай тэмцэх нийт зардал 16 их наяд доллар болж байгаа нь холбооны төсвийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх аж. Хөл хорио, ажлаа алдсанаас үүдэлтэйгээр хүмүүс сэтгэл түгших нь ихсэж, ихэнх нь депресст оржээ. Дэлхий даяар 150 сая хүн нэн ядуу нөхцөлд амьдрана гэсэн таамаглал ч гарсан юм. 

 

Коронавирус дэгдэж эхлэх үед улс орнуудад дээд зэргээр хатуу хөл хорионы арга хэмжээ авахыг зөвлөж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо хөл хорионы тал дээр байр сууриа өөрчилсөн бөгөөд вирус өмнө нь бодож байсанчлан тийм ч үхлийнх аюултай биш, хатуу хөл хорио үр дүнгүй гэдгийг батлах хангалттай нотолгоо бий гэж Дэвид Мэмет бичжээ. 

 

Шинжээчдийн гаргасан хөл хорионы шийдвэр алдаатай байсан гэдэг дээр Мэмет Зөвлөлтийн агрономич Трофим Лысенкогийн жишээг татсан байна.

 

Лысенко гэгч нь биологийн салбарын хуурамч шинжлэх ухааны төлөөлөгч бөгөөд Евразиийн хахир өвөл вандуй буудай ургуулж болно гэсэн түүний худал онолоос болж Еврази даяар суулгац устгагдан, энэ онолыг Мао авч хэрэглэснээр Хятад ургацаа алдан,  өлсгөлөнгийн улмаас 10 сая хүн хорвоог орхиж байсан түүхтэй. Мэмет цааш нь бичихдээ, "энэ алдааных нь төлөө Лысенког шийтгээгүйгээр үл барам 1940 он гэхэд Лысенко ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Генетикийн хүрээлэнгийн захирал болж, 1948 онд түүний онолыг шинжлэх ухааны баримтлал болгосон нэр хүндтэй хүн болж хувирсан юм" гэжээ. 

 

"Энэ бол төрийн эрх баригчдад том сургамж. Хэн ч бүхнийг мэдэх боломжгүй учраас бид зарим талаараа бүгд тэнэгүүд. Бид бусдын туршлагад итгэх ёстой, бид бүгд л алдаа хийдэг" хэмээн Мэмет бичсэн байна.

 

"Вирус энд байна. Засгийн газар эсвэл манай эрх баригчдад зөвлөдөг мөн зөрүүтэй үзэл бодлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс бол вирус юм" гэж Мэмет бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин