Беларусь коронавирусийн улмаас хилээ хаана
2020-12-10

Беларусь улс 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шалган нэвтрүүлэх боомтуудаар иргэдийг гаргах хөдөлгөөнийг зогсоохоор болжээ. Энэ талаар тус улсын сайд нарын зөвлөлийн тогтоолд тусгасан бөгөөд коронавирусийн тархалтын улмаас ийм шийдвэр гаргасан байна. 

 

Шийдвэрийн дагуу автозамын шалган нэвтрүүлэх, хялбаршуулсан журмаар нэвтрүүлэх, төмөр замын боомтууд болон усан замын боомтуудад гадагш гарах хөдөлгөөнийг хаах аж. Дипломат болон албан паспорттой этгээдүүд, албан ёсны төлөөлөгчид, олон улсын автомашины тээвэрлэлтийн жолоочид, агаарын болон усан онгоцны экипажууд, галт тэрэгний бригад, томилолтоор яваа алба хаагчид энэ хоригт хамаарахгүй юм байна. 

 

Түүнчлэн хүнд өвчний улмаас эсвэл ойрын төрөл төрөгсөд нас барсантай холбоотойгоор хилийн чанадыг зорих хүмүүс, эмнэлгийн тусламж авах шаардлагатай этгээдүүд, гадаад улс оронд байнга оршин суух эрхтэй хүмүүс болон гадаад улс оронд ажилладаг эсвэл суралцдаг хүмүүст ч мөн хориг үйлчлэхгүй гэнэ. 

 

Мөн сайд нарын зөвлөлийн тогтоолоор гадаадын иргэд Беларусь руу нэвтрэх журмыг өөрчилсөн бөгөөд 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэд тус улс руу нэвтрэхийн тулд коронавирусийн тест нь сөрөг гарсныг батлах тодорхойлолттой байх ёстой аж. Түүнчлэн хил нэвтэрснээс хойш гурав хоногийн дотор ПЦР тест хийлгэх ёстой болжээ. 

 

Энд дуулгахад, Беларусьт цар тахал дэгдсэнээс хойш 152 453 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 129.9 мянган хүн эдгэрч, 1230 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин