Tайм сэтгүүл Байден, Харрис нарыг "Оны хүн"-ээр тодруулав
2020-12-11


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жозеф Байден болон түүний хамтран зүтгэгч Камала Харрис нарыг Америкийн Тайм сэтгүүл "Оны хүн"-ээр тодруулжээ. 

 

Рок хөгжимчин Брюс Спрингстин энэ талаар зарласан бөгөөд сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь анх удаа АНУ-ын сонгогдсон дэд ерөнхийлөгчийг оны хүнээр тодруулж байгааг онцолжээ.

 

Байден, Харрис нар сэтгүүлийн редакцийн шийдвэр тэдний хувьд нэр хүндийн хэрэг байсан гээд талархлаа илэрхийлжээ. Тайм сэтгүүлийн редакцийн үзсэнээр Байден 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын түүхэн дэх хамгийн их санал авч, 44 дэх Ерөнхийлөгч Баракд Обамагийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн гавьяатай гэнэ. 

 

Өнгөрсөн онд Тайм сэтгүүл "Оны хүн"-ээр экологийн төлөө тэмцэгч Грета Тунбергийг нэрлэж байв. 

"Оны хүн"-ий тухай 

Америкийн долоо хоног тутмын "Тайм" сэтгүүл жил бүрийн 12 дугаар сард "Оны хүн"-ийг нэрлэдэг уламжлалтай. "Оны хүн" -ий зургийг сэтгүүлийн нүүрэн дээр хэвлэдэг бөгөөд түүнийг тодруулахад тодорхой шалгуурууд гэж байхгүй, гагцхүү тухайн онд нийгэмд эерэг , сөрөг гэдгээс үл хамааран хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг оны хүнээр нэрлэдэг байна. 

 

Хамгийн анх 1927 онд Америкийн нисэгч Чарльз Линдберг "Оны хүн" гэсэн алдрыг хүртэж байв. Тэрбээр Атлантын далайг туулан ганцаараа ниссэн түүхэн дэх анхны нисэгч байлаа. 

 

"Оны хүн" тодруулж эхэлсэн түүхэнд 70 орчим удаа улс төр болоод нийгмийн зүтгэлтнүүд энэ алдрыг хүртэж байв. Тухайлбал Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэгч Махатма Ганди 1930 онд, Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль 1940 болон 1949 онд, Их Британийн хатан хаан II Елизавета 1952 онд, Францын төрийн зүтгэлтэн, генерал Шарль де Голль 1958 онд, өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг 1963 онд, Америкийн төрийн зүтгэлтэн Генри Киссинжер 1972 онд, Польшийн улс төрийн зүтгэлтэн Лех Валенса 1981 онд оны хүнээр нэрлэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин