Л.Мөнхтүшиг: Франкфурт руу нэмэлт нислэг үйлдэнэ
2020-12-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ГХЯ-ын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

 

ГХЯ-ын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-УОК-ын даргаас  өгсөн чиглэлийн дагуу арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр байсан. Иргэдийн хүсэлт болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 17-нд нэмэлт нислэгийг  Франкфурт-Улаанбаатар чиглэлд үйлдэхээр боллоо. Арваннэгдүгээр сард Франкфурт руу  үйлдэх  нислэг 250 гаруй хүний суудалтай том онгоц байсан. Тэгвэл арванхоёрдугаар сард том онгоц тусгай захиалгат ачааны нислэгтэй байгаа учир иргэдийг олон хоног хүлээлгэж, чирэгдэл учруулахгүй байх үүднээс нислэг үйлдэхээр болсон. Ингээд энэ сард нийт 4 удаагийн нислэг үйлдэхээр болж байна. Эдгээр нислэгүүд үйлдэгдсэнээр урьдчилсан байдлаар энэ сард 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.  

 

Арванхоёрдугаар сард ирэх нислэгт  гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсноо гадаадад байгаа Элчин сайдын яамдад мэдэгдээд байсан. Хүсэлтийн дагуу ОУШХБ-тай хамтарч ажиллаж гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийз худалдан авч өгөх, тусгаарлалтын байрны зардлыг иргэдэд туслах сангаас гаргах зохицуулалтыг энэ сард хийхээр төлөвлөж байгаа. Агаарын замаар татан авах ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. 

 

Монгол Улсаас гадаад улс руу зорчих хүсэлтэй буюу урт хугацааны хөдөлмөр эрхлэх визтэй  иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж тусгай үүргийн нислэгээр явах боломжийг нь олгож байгаа. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 01-нээс  хойш Япон улсад хөдөлмөрлөх, суралцах виз авсан 1200 иргэн бий. Эдгээр иргэдийг хүргэж өгөх  нислэгийг үйлдэж байгаа.  Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 19,20-нд нислэг үйлдэж байна. 

 

БНХАУ-д зорчих хүсэлтэй, тухайн улсын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн асуудал бий. Өвөр Монголд буюу Манжуур хотод дотоодын халдвар илэрч, эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн Замын-Үүд, Эрээн бус манай улстай хиллэдэг Өвөр Монголд байгаа боомтуудад  халдвар хамгааллын дэглэмийг чангатгасан. Үүнтэй холбоотой БНХАУ-ын талаас холимог гэр бүлийг хилээр нэвтрүүлэх хугацаа тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Гэхдээ энэ асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байна. 

 

Мөн БНСУ-аар транзит нислэг хийх хоригтой байгаатай холбоотойгоор тус улсаар болон тусгай үүргүүдийн нислэгээр гуравдагч улс руу зорчих хүсэлтэй иргэдийн өргөдөл ГХЯ-нд ирдэг. Арванхоёрдугаар сарын 25-нд  Сөүл рүү хийх нислэгээр гуравдагч улс руу зорчих хүсэлтэй иргэдийн мэдээллийг нэгтгэж аваад БНСУ-ын талтай харилцаж дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин