Цар тахал ба байгаль орчин: Хүлэмжийн хий эрс буурчээ
2020-12-15

Цар тахал байгаль орчинд эергээр нөлөөлжээ. Тодруулбал өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсхүчлийн хийн хаягдал 7 хувиар буурсан гэж олон улсын эрдэмтдийн баг мэдээлсэн байна. Гэсэн ч зарим орнууд өнгөрсөнд байсан түвшиндээ эргэн орж байгаа гэнэ. Хэдийгээр ийм үзүүлэлтүүд бүртгэгдсэн ч ухаалаг эдийн засгийн шийдлүүд хүн төрөлхтний нүүрсхүчлийн ул мөрийг цаашид ч бууруулах боломж олгоно гэж эрдэмтэд найдаж байгаа аж. 

 

Дэлхий дахинд энэ оны нүүрсхүчлийн хийн хаягдлын нийт хэмжээг 34 тэрбум тонн гэж үнэлжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад долоон хувиар бага гэж Их Британийн Эксетерийн их сургууль, Японы цаг уурын төв болон бсад судалгааны төвүүдийн шинжээчдээс бүрдсэн олон улсын баг мэдэгдсэн байна. Тэдний судалгааны ажил  Earth System Science Data сэтгүүлд нийтлэгджээ.

 

Нүүрсхүчлийн хий нь хүлэмжийн хий үүсэх, дэлхийн агаар мандлын доод давхаргуудын температур нэмэгдэх нэг шалтгаан юм. Харин энэ хийн хаягдал багассан нь эдийн засгийн өөрчлөлтүүдээс үүдэлтэй гэж судлаачид тайлбарлажээ. 

 

Цар тахлын үед нүүрсхүчлийн хийн хаягдал долоон хувиар буурсан нь дээд үзүүлэлт гэж эрдэмтэд цохон тэмдэглэсэн бөгөөд 2008 онд дэлхийн санхүүгийн хямралын үед хаягдал ердөө 1.5 хувиар буурч байсан гэнэ.

 

Энэ оны 12 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үзүүлэлт буурсан, ялангуяа тээврийн салбарт энэ өөрчлөлт илүүтэй ажиглагджээ. Мөн энэ оны дөрөвдүгээр сард ихээхэн зөрүү ажиглагдсан ч үүний дараагаас дахин өсч эхэлсэн байна.

 

Эрдэмтдийн онцолсноор хатуу хөл хорионы үед дэлхий олон оронд тээврийн хөдөлгөөн хоёр дахин багассан нь нүүрсхүчлийн хийн хаягдал буурахад нөлөөлсөн гэнэ. Хэдийгээр агаарын нислэгүүд 75 хувиар буурсан ч энэ нь нүүрсхүчлийн хийн хаягдал буурахад төдийлөн жинтэй хувь нэмэр үзүүлээгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин