"Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 гаруй улсын 352 хөлөг бүртгэлтэй аялж байгаа"
2020-12-15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 14 цаг  16 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран, өргөн хүрээнд хөгжиж байна. Хоёр улс цэргийн салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр өнгөрсөн онд БНСВУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын ажлын хэсгийн уулзалтууд зохион байгуулж, Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичгийг “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болгон түвшинг ахиулж байгуулахаар тохирчээ. Энэ үндсэн дээр гэрээний төслийг Вьетнамын талд 2019 оны 7 дугаар сард хүргүүлсэн бөгөөд тус улсын хууль тогтоомжийн дагуу аливаа улстай байгуулах батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээг Засгийн газрын түвшинд байгуулдаг тул БНСВУ-ын Батлан хамгаалах яам нь тус улсын парламент, холбогдох газруудаар хэлэлцүүлэн хэлэлцээр байгуулах зөвшөөрөл авчээ.

 

Хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломж бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад чиглэж байгааг хууль санаачлагч дурдаад уг хэлэлцээрийг соёрхон батлах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодпогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдзх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа онцлов.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.

 

Дараа нь Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан юм.

 

 

Манай улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-д 1996 онд гишүүнээр элсэж, тус байгууллагын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенц”-д 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдэн оржээ. Улмаар Филиппин Улсын нийслэл Манила хотноо 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон ОУДБ-ын Бага хурлаар далайчдыг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахын зэрэгцээ хөлөг онгоцон дээр ажиллах далайчид зохих мэдлэгтэй, үүргээ гүйцэтгэх чадвартай байх шаардлагад нийцүүлэн далайчдыг зохих ёсны туршлага, мэдлэг, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор уг конвенцын нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон уг нэмэлт, өөрчлөлтийг ОУДБ-ын 164 гишүүн улс соёрхон батлаад байгааг хууль санаачлагч дурдав.

 

Гишүүн орнууд нь дээрх конвенцод зааснаар гадаад далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг бохирдлоос хамгаалах, хөлөг онгоцон дээр ажиллах далайчныг зохих мэргэжил, үүрэг гүйцэтгэх чадварын шаардлагыг хангуулахын тулд энэ конвенцыг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомж гаргах болон бусад арга хэмжээ авах үүрэг хүлээдэг гэж салбарын сайд нэмж тодотгов.

 

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Салбарын сайд Л.Халтар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Далайн захиргааны газар нь манай яамны харьяанд 26 орон тоотой ажилладаг, улсаас санхүүжилт авдаггүй, жил бүр улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллаж байгаа. Одоогоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 гаруй улсын 352 хөлөг бүртгэлтэй аялж байгаа, гол төлөв Ази, Номхон далайн бүсийн орнуудад аялдаг гэлээ.  

 

Далбааны эзэн улсын хувьд манай улсын олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтэд ОУДБ-аас 2016 онд аудит хийж, Монгол Улс Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, хэрэгжүүлэх шаардагатай гэсэн зөвлөмж гаргажээ. Иймээс уг конвенцын 12 дугаар зүйлийн VII хэсэгт заасны дагуу манай улс хоёр жилийн дотор ОУДБ-д аливаа мэдэгдэл хүргүүлээгүй тул уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, конвенцын 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлага үүссэн байна.

 

Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг манай улс хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар Монгол Улсын далбаа мандуулж буй хөлөг онгоцон дээр хүний буруутай үйлдлээс үүдэн хөлөг онгоцны үйл ажиллагаанд учруулж болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, шинээр ажилд орох далайчдад стандарт сургалтаар мэдлэг олгох, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг салбарын сайд хэллээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

 

Үргэлжлүүлэн Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

 

 

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 оны 7 дугаар сарын 18-нд Ром хотноо баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Манай улс ОУЭШ-ийн Ромын дүрмийн үүсгэн байгуулагч улсын нэг бөгөөд дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 4 дүгээр сарын 5-нд соёрхон баталснаар тус байгууллагын гишүүн болсон байна.

 

ОУЭШ-ийн Ромын дүрмийг баталж хүчин төгөлдөр болсны дараа НҮБ-аас уг байгууллагын дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Нью-Йорк хотод хэлэлцэн баталсан агаад хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар 78 улс соёрхон баталжээ.

 

Хэлэлцээр нь нийт 39 зүйлтэй бөгөөд гол агуулга нь оролцогч улсуудын нутаг дэвсгэрт ОУЭШ-ээс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай дархан эрх болон эрх ямба олгох бөгөөд ОУЭШ-ийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан дархан эрх болон эрх ямбыг илүү дэлгэрүүлэн тайлбарласны зэрэгцээ ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын хувьд оролцогч улсын хүлээх үүрэг, хариуцлага, маргаан гарах тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлт, хүчин төгөлдөр болох нөхцөл зэрэг заалтыг нарийвчлан тусгажээ.

 

ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар зөвшилцөж, мөн оны 2 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийг соёрхон баталснаар ОУЭШ, НҮБ-ын зүгээс тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлийг 2016 онд хэлэлцээд гаргасан зөвлөмжийн 108-д “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд үндэсний хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэх, ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг батлах" гэж заасан байна. Манай улс ОУЭШ-ийн дүрмийг соёрхон баталснаар тус шүүхийн дархан эрх болон эрх ямбыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг дүрмийн 48 дугаар зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

 

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

 

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлоод байв. Харин хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн эдгээр төслүүд нь төрийн болон байгууллагын нууцын тухай хуульд хамаарах асуудал учраас хаалттай хэлэлцье гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр төслүүдийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Shuud.mn
Сонин хачин
Их валиар:
Монгол улсын авилгалын байдал энэ далайд монголын далбаатай явж бйагаа хөлгүүдээс харагддаг гэж боддог. Ваааалиаааааруудаа.
2020-12-15