Британи: Коронавирусийн нөхцөл байдал хяналтаас гарлаа
2020-12-21

Коронавирусийн шинэ хувилбартай холбоотой нөхцөл байдал эрх баригчдын хяналтаас гарсан гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдсэнийг "Скай Ньюс" дамжуулжээ. 

 

"Коронавирусийн шинэ штамм хяналтаас гарлаа. Тиймээс хүмүүс өөрсдөө хэдийнэ вирусийн халдвар авсан мэт нэн болгоомжтой байж ялангуяа Английн  бүс нутгуудад хязгаарлалтын өндөр түвшинд байх ёстой" хэмээн Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

 

Хэдийгээр Зул сарын баярыг тэсэн ядан хүлээж байгаа ч COVID-19-ийн шинэ илүү халдвартай хувилбар эрчимтэй тархаж байгаа тул Засгийн газар шийдэмгий хөдлөх шаардлагатай болсныг сайд онцолсон байна. Түүний өгүүлснээр, хатуу хөл хорио вакцинжуулалт эхлэх хүртэл хэдэн сараар үргэлжилж магадгүй гэнэ. 

 

Түүнчлэн шинээр хөл хорио тавихтай холбоотойгоор хотоос гарахаар Лондон хотын оршин суугчид галт тэрэгний буудлууд дээр олноор цугларсныг Эрүүл мэндийн сайд "туйлын хариуцлагагүй үйлдэл" хэмээн нэрлэжээ. 

 

Энд дуулгахад, Британид тархсан шинэ төрлийн коронавирусийн өөр нэг хувилбар нь халдварлах чадвараараа өмнөхөөсөө 70 хувиар их байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм Одоогоор энэхүү мутаци нь SARS-CoV-2-оос илүү амь насанд халтай гэж үзэх үндэслэл байхгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин