Бүх нийтийн болон Өндөржүүлсэн бэлэн байдлын ЯЛГАА: Кофе уухгүй, хоол идэхгүй
2020-12-22

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2020 оны 03 сарын 12-ны өдөр цар тахал хэмээн тодорхойлсон COVID-19 нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу “аюулт үзэгдэл” буюу “гамшиг” гэсэн ойлголтод хамаарч байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Гамшиг” гэж юу вэ?

 

“Гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг;

 

4.1.2.“аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;” хэлнэ гэж Гамшгаас хамгаалах тухай хуульд тодорхойлжээ.

 

Харин гамшгийн үеийн бэлэн байдал гэдэг нь гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэлнэ. Манай улсын хувьд тухайн гамшгийн онцлог, хор аюулын нөхцлөөс шалтгаалан  бэлэн байдлыг “өдөр тутмын бэлэн байдал”, “өндөржүүлсэн бэлэн байдал”, “бүх нийтийн бэлэн байдал” гэсэн 3 зэрэгт ангилан, гамшгаас хамгаалах дэглэм тогтоодог.

 

Монгол Улс түүхэндээ анх удаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагт шилжсэн. Энэ зэргийг арванхоёрдугаар сарын 14-нөөс бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Харин маргаашнаас /2020.12.23/  Улаанбаатарын иргэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжих гэж байна.

 

Бүх нийтийн болон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ялгаа юу вэ?

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг:

 

Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй бөгөөд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг шат дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлдэг. Улсын хэмжээнд үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, бэлэн байдлын зэргийг бууруулах, цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргана.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг:

 

"Онц байдал" зарлахаас өмнөх дэглэм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өдөр тутмын болон өндөржүүлсэн бэлэн байдлын бүх арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлдэг тул дээр зарим хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоодог.

 

Энгийнээр хэлбэл гамшгаас хамгаалах эцсийн “арга” бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэг. Бүр энгийнчилбэл нийслэлчүүд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлсэн өдрүүдэд кофе шоп орж аяга халуун юм ууж цонх ширтэн хэсэг суух эрхтэй байсан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ боломжгүй. Цайны цагаар өдрийн хоолоо ресторан, кафед зооглох боломжтой байсан бол үүнийг ч мөн хязгаарлана. Учир нь

 

Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах

 

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт

 

Газрын тосны түгээлт

 

Малын өвс  тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

 

Улсын онц чухал объект, тээвэрлэлт

 

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

 

Хот суурин, усан хангамж

 

Эрүүл мэнд, эмийн сан, байгууллага

 

банкны үйл ажиллагаа

 

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудан

 

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

 

Хууль тогтоох байгууллага, өмгөөлөл, нотариат

 

Төрийн захиргааны байгууллагаас бусад салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно.

 

Цаашлаад амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахисан л бол та хүссэн газраараа явж болж байв. Харин маргаашнаас гудамж, талбайд цагдаагийн алба хаагчид эргүүл хийж хаашаа, ямар зорилгоор явж буйг тань шалгааж биеийн байцаалт шалгана. Шаардлагагүй тохиолдолд буцаад гэртээ орохыг зөвлөнө. Өмнө нь олгосон QR код үгүй бол автомашинаа унах талаар бодох ч хэрэггүй. Хэрэв та хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан бол  ЭНЭ зааврын дагуу QR кодоо авна.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс цааш дахин ахиулан гамшгаас хамгаалах зэрэг манай улсад үгүй. Ард иргэдийг аюулт өвчлөлөөс хамгаалах эцсийн аргаа төр, засаг хэрэглэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол энгийн өдрүүдийнх шиг энх, тайван цаг биш. Энэ бол дэлхий нийтийг хамарсан гамшгаас хамгаалах ганц найдвартай арга гэдгийг ухамсарлаж онцын шаардлагагүй бол гэртээ байж, өөрийн болон бусдын эрүүл аж төрөх үйлсэд хүч, хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин