Байден олны өмнө вакцин тариулав
2020-12-22

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден олон нийтийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эргэлзээг тайлахын тулд олны өмнө вакцин тариулна гэж мэдэгдэж байлаа. Тэрбээр хэлсэнх амандаа хүрчээ 

 

Тодруулбал, Делавар мужийн Кристиана Кэйр эмнэлэгт Жо Байден коронавирусээс сэргийлэх тарилга тариулсан бөгөөд энэ явцыг Америкийн сувгууд шууд дамжуулсан байна. "Санаа зовох юу ч байхгүй" хэмээн Байден вакцин тариулах үеэрээ өгүүлжээ. АВС агентлагийн мэдээлснээр, түүний эхнэр ч мөн коронавирусийн вакцин тариулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Байденд Pfizer компанийн боловсруулсан вакцины эхний тунг хийсэн бөгөөд хэдэн долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх аж. Ийнхүү Жо Байден эхнэрийн хамт коронавирусийн вакцинд хамрагдсан бол Трамп эмч нар зөвлөсөн үед л вакцин тариулна хэмээн мэдэгдсэн.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албадын яамны дэргэдэх Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар Америкийн Pfizer, Германы BioNTech компанийн хамтран боловсруулсан вакциныг зөвшөөрсөн юм. Улмаар даваа гарагаас эхлэн вакциныг АНУ-д ашиглаж эхэлсэн бөгөөд энэ сарын сүүл хүртэл 20 сая хүн, нэгдүгээр сарын сүүл гэхэд 50 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж харин хоёрдугаар сард энэ тоо 100 саяд хүрнэ гэж найдаж байгаагаа АНУ-ын Эрүүл мэндийн сайл Алекс Азар мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин