Грект Зул сар, шинэ жилийн зугаалгыг хориглов
2020-12-23

Грек улсад Зул сар, шинэ жилийн баяруудын үеэр хөл хориог сулруулахгүй гэж тус улсын иргэний хамгааллын дэд сайд Никос Хардалиас мэдэгджээ. Түүнчлэн баярын үеэр гадаа олноор цуглан, зугаалах, баяр тэмдэглэхийг хориглосон талаар анхааруулсан байна. 

 

"Баярын дараа коронавирусийн тахлын шинэ дэгдэлттэй нүүр  тулах эрсдэл гаргахгүйн тулд нэн болгоомжтой байх ёстой" хэмээн Хардалиас мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа. Түүнчлэн баярын өдрүүдэд хоёр гэр бүл цуглах боломжтой ч есөөс дээш хүн байх ёсгүйг анхааруулсан байна. Мөн сүм, хийдэд нэг дор 25-аас дээш хүн цугларахгүй байх ёстойг онцолжээ.

 

Шинэ жилийн баярын өдрүүдэд 22.00 цагаас 05.00 цаг хүртэл зорчих хөдөлгөөнийг хориглох юм байна.

 

"Хүүхдүүд зул сарын дуу дуулахаар гадаа гарч болохгүй. Учир нь зорчих зөвшөөрөлд энэ төрөл хамаарахгүй" хэмээн дэд сайд өгүүлжээ.

 

Одоо Грекийн оршин суугчид зөвхөн зургаан шалтгаанар гэрээсээ гарч болох бөгөөд үүний тулд холбогдох дугаар руу мессеж илгээх эсвэл бичгээр хүсэлт гаргах ёстой гэнэ.

 

Энд дуулгахад, 10 сая гаруй хүн амтай Грек улсад цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 132 мянга гаруй халдвар бүртгэгдсэн юм. Үүнээс 23 мянга нь эдгэрсэн бол 4.2 мянган хүн коронавирусийн халдвараас үүдэлтэй хүндрэлийн улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин