Оросуудын талаас илүү хувь нь вакцин хийлгэх хүсэлгүй байна
2020-12-24

Оросын оршин суугчдын ердөө 38 хувь нь л коронавирусийн халдвараас сэргийлэх тарилга хийлгэхээр төлөвлөж байгаа бол ихэвчлэн залуусаас бүрдэх үлдсэн 52 хувь нь вакцин тариулахыг хүсэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг судлах төв судалгаан дээрээ үндэслэн мэдээлжээ. 

 

"Судалгаанд оролцсон хүмүүсийн 38 хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хийлгэхээр төлөвлөж байна. Тэдний 49 хувь нь эрсдлийн бүлгийнх болох 60-аас дээш насныхан, 44 хувь нь 45-59 насныхан байгаа юм. Харин 52 хувь нь вакцин тариулах хүсэлгүй байгаа бөгөөд тэдний 70 хувь нь 25-34 насны залуус байна" хэмээн судалгааны төвийн тайланд өгүүлжээ.

 

Судалгаанд оролцсон хүмүүс вакцин хийлгэхээс татгалзсан шалтгаанаа вакцин гүйцэт судлагдаагүй (23 хувь), үл итгэх болон айдас (16 хувь), сөрөг заалттай (13 хувь) хэмээн тайлбарлажээ. Харин 11 хувь нь вакцин тариулах хүсэлгүй гэсэн бол 9 хувь нь вакцины үр дүнд итгэхгүй байгаагаа илэрхийлсоэн байна. 

 

Судалгаанд оролцож, вакцин тариулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн ихэнх нь буюу 84 хувь нь дотоодын вакцин тариулна гэж хариулжээ. Харин 7 хувь нь гадаадын вакциныг сонгоно гэж хариулсан байна.

 

Энд дуулгахад Орост өнгөрсөн долоо хоногт коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлсэн юм. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, олон нийттэй харилцах байгууллагад ажилладаг хүмүүс тарилгад хамрагдах бөгөөд тун удахгүй иргэдийг вакцинд хамруулж эхэлнэ гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байв. Орост коронавирусээс сэргийлэх вакциныг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийх аж. 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
оросын залуучууд нь дарангуйлал юу ч хийж мэднэ гэдгийг мэдэж байгаа нь сайшаалтай
2020-12-28