Борис Жонсон: Брекзитийн хэлэлцээрийг хийж чадлаа
2020-12-25

Европын холбоо болон Их Британи Брекзитийн дараах харилцааны тухай хэлэлцээрийг боловсруулж чаджээ. "Бид хэлэлцээр хийж чадлаа. Энэ бол урт зам байв. Гэсэн ч бид сайн хэлэлцээр хийж чадсан" гэж Еврокомиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 

 

Тэрбээр зөвшилцлийн төлөө "тэмцэхээс" аргагүй байсныг онцлоод хэлэлцээр нь Европын холбооны ашиг сонирхолд нийцэж байгаа хэмээсэн байна.

"Түүхийн хуудсыг эргүүлж, ирээдүй рүү харах цаг ирлээ. Их Британи итгэж болох, холбоотон, түнш хэвээр байх болно. Бид нийтлэг ашиг сонирхолтой. Европын холбоо болон Нэгдсэн вант улс нийтлэг зорилгууддаа хүрэхийн тулд мөр зэрэгцэн алхана" хэмээн Урсула  фон дер Ляйен мэдэгдсэн байна.

 

Харин Лондонгийн гаргасан мэдэгдэлд Их Британи Брекзитийн дараа Европын холбоотой харилцах цаашдын харилцааны хүрээнд хил хязгаартаа тавих хяналтаа эргүүлэн авсан гэдгийг онцолсон байна.

"Хэлэлцээр хийсэн. Бид санхүү, хил, хууль, худалдаа болон усны дүрэм журамд тавих хяналтаа эргүүлэн авсан. Энэ бол Нэгдсэн Вант Улсын өнцөг булан бүрийн айл өрх, албан байгууллагуудын хувьд гайхамшигтай мэдээ. Бид түүхэндээ анх удаа тариф, квотгүй зарчим дээр суурилсан Европын холбоотой хийх худалдааны зөвшилцөлд хүрч чадлаа" хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. 

 

Хэлэлцээр хоёр мянган хуудаснаас бүрдэх бөгөөд одоо үүнийг Британийн Олон нийтийн танхим болон Европын холбооны зөвлөл соёрхон батлах ёстой юм байна. Үүний тулд Зул сарын амралтаа авсан Британийн Парламент ажлаа шуурхай эхлэх шаардлагатай болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх хэлэлцээрийг соёрхон батлахын тулд 12 дугаар сарын 30-нд Британийн Парламент хуралдахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, 2020 оны сүүл гэхэд шилжилтийн үе дуусах бөгөөд ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын сүүлээс эхэлсэн Европын холбооноос гарах явцыг Их Британи 2021 оны нэгдүгээр сарын сарын нэгнээс дуусгах юм. Энэ хугацаанд талууд олон салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар тохиролцож чадна гэж тооцоолж байв.

 

Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах Брекзит ажиллагаа 2017 оны гуравдугаар сарын 29-нд эхэлж байлаа. Тухайн үед Их Британийн Ерөнхий сайдын алба хашиж байсан Тереза Мэй 2016 онд Брекзитийн талаарх санал асуулга явагдсаны дараа Европын холбооны бүрэлдэхүүнээс Их Британи гарах ажиллагаа эхэлсэн гэдгийг мэдэгдэж байв. Харин Их Британи болон Европын холбооны хоорондын энэ асуудлаарх хэлэлцээ 2017 оны зургадугаар сарын 19-нд эхэлж, хоёр жилийн хугацаагаар төлөвлөгдсөн ч хэдэнтээ хойшилж байсан юм. 

 

Ийнхүү Европын холбоо, Их Британи хэлэлцээрт хүрсэн нь хөрөнгийн зах зээлд ихээхэн нөлөөллөө. Энэ мэдээлэл гарсны дараа фунт стерлингийн доллартай харьцах ханш сүүлийн 30 сард тохиогоогүй дээд хэмжээнд хүрсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин