Хүнд үетэй нүүр тулсан Ким Жон Ун том төслүүдээ зогсоов
2020-12-25

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны томоохон төслүүд, тэр дундаа цөмийн хүчнийг оролцуулах цэргийн парадуудыг бэлтгэхэд зориулсан полигон барих ажил гацсан гэнэ. Энэ талаар Хойд Солонгосын нутаг дэвсгэрийн хиймэл дагуулын зургуудыг шинжилсэн, Америкийн Стимсоны төвийн 38 North цахим хуудас мэдээлжээ. 

 

Хиймэл дагуулуудын зураг дээрээс 2018 болон 2019 онуудад эрчимтэй явагдаж байсан Вонсаны наран шарлагын газрын барилгын ажил зуны эхнээс зогсож, ямар ч өөрчлөлт ороогүй нь тогтоогдсон байна. Ким Жон Ун энэ барилга дээр хэдэнтээ очиж, 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд дуусгахыг шаардаж байжээ. 

 

Түүнчлэн Пхеньян дахь эмнэлгийн барилгын ажил гадна талдаа дуусаж,эмнэлгийг тойрсон зам, зогсоолуудыг хийж, гол орох хэсгийн орчмын тохижилтийг хийсэн ч төлөвлөж байсан шигээ 10 дугаар сард ашиглалтад оруулаагүй гэнэ. Эмнэлгийн дотор заслын ажлын явц, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн талаар Хойд Солонгосын хэвлэлүүд огт мэдээлээгүй гэж  38 North онцолжээ. Энэ эмнэлгийн орчимд тээврийн хэрэгсэл, хөдөлгөөн ажиглагдахгүй байгаа нь эмнэлэг ажиллахгүй байгаа гэсэн үг гэж энэ хэвлэл дүгнэсэн байна. 

 

Мөн цэргийн парадуудын бэлтгэл хийхэд зориулагдсан, нийслэлээс 10 км зайд орших полигон болон Пхеньяны орчим дахь худалдааны төвийн барилгын ажил удааширсан гэнэ.

 

Объектууд дахь ажил тасалдсан нь хар салхины улмаас хохирол амссан бүс нутгууд руу барилгачдыг илгээсэнтэй холбоотой гэж 38 North цахим хуудасны шинжээчид үзсэн байна. "Хойд Солонгос орон гэргүй болсон хүмүүст зориулан хэдэн сарын туршид олон зуун байшин, орон сууцнуудыг барьсан.Энэ ажилд бусад төслүүдээс техник, хүн хүчийг татаж оролцуулсан нь ойлгомжтой" хэмээн шинжээчид өгүүлсэн байна.

 

Ийнхүү барилгын ажлын явц тасалдсан нь Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойших хамгийн хүнд үетэй нүүр тулсантай цаг хугацааны хувьд давхцаж байна гэж Financial Times мэдээлсэн байна. Тодруулбал, коронавирусийн цар тахлаас үүдэн Ким багагүй хүндрэлийг давах болсон гэж эх сурвалж онцолжээ. 

 

Пхеньян цар тахал эхэлмэгц л гадаад болон дотоодын зорчих хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тавьсан ч нутаг дэвсгэр дээр нь халдвар бүртгэгдсэн талаар дэлхий дахинд мэдээлээгүй юм. 

 

Хэдийгээр коронавирусийн халдвар гараагүй гэж байгаа ч цар тахалтай холбоотой хатуу хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлэн, түүнчлэн БНАСАУ-ын томоохон худалдааны түнш болох Хятадтай хиллэх хилээ хаахаас аргагүй болсноор тус улс 1990-ээд оны өлсгөлөнгөөс хойш энэ онд эдийн засгийн хамгийн ноцтой хямралтай нүүр тулж болзошгүй гэж Fitch Solutions рейтингийн агентлаг үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сталины бүтээгүй төсөл
2020-12-29