Йемен: Сайд нарын эсрэг чиглэсэн халдлагын улмаас 30 орчим хүн амиа алдав
2020-12-31

Лхагва гарагт Йемений Аден хотын нисэх буудалд минометийн сум дэлбэлж, халдлага үйлдсэн байна. Энэ эмгэнэлт явдлын улмаас Олон улсын Улаан загалмайн хорооны гурван ажилтан амиа алджээ. 

 

"Манай гурван ажилтан Адены нисэх буудал дээр болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсанд Олон Улсын Улаан загалмайн хороо гүнээ эмгэнэж байна" гэж тус хорооноос гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

Лхагва гарагт Аден хотын нисэх буудал дээр Йемений шинэ Засгийн газрын сайд нар нисэж ирэхтэй зэрэгцэн минометийн гурван сум дэлбэрчээ.

 

Энэ халдлагын улмаас 27 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн дунд сайд нарыг угтахаар зогсож байсан энгийн иргэд, сэтгүүлчид, орон нутгийн захиргаа болон армийн командлалын төлөөлөгчид багтаж байгаа гэнэ. Харин сайд нараас хэн нь ч гэмтэж бэртээгүй гэж  Al Arabiya мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, минүүдийг нислэгийн танхимд хаясан бол нэг сум нь хөөрөх-газардах зурвас дээр унасан байна.

 

Энд дуулгахад, Йемений шинэ засгийн газар 12 дугаар сарын дундуур Ерөнхий сайд Абдель Маликийн удирдлаган дор бүрдсэн юм. Энэ нь 2019 онд   Өмнөдийн шилжилтийн зөвлөл болон тус улсын олон улс хүлээн зөвшөөрсөн эрх баригчдын хооронд байгуулсан Эр-Риядын зөвшилцлийн дагуу бүрдсэн засгийн газар бөгөөд 12 дугаар сарын 26-ны өдөр тангараг өргөн, үүрэгт ажилдаа оржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин