ЭМЯ: 22 хүнээс "covid-19" илэрснээс гурван тохиолдлын халдварын голомт тодорхойгүй
2021-01-02

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.  Нийт  11152 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнд covid-19 илэрчээ. Эдгээрээс "Мөнххада" компанийн 4 ажилтан, Төв шуудангийн гүний гаалийн 2 ажилтан,  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 7 хүний  гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс, "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс, "Жаргалант" сувилалд 2 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу тус тус эерэг гарч, халдвар илэрсэн байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Төв шуудан компанийн гүний гаалийн 2 ажилтны нэг тохиолдол гэр бүлийнх нь хүн халдварт өртсөнөөс үүдсэн. Эх уурхай нь, тус компанийн ажилтны гэр бүлээс. Тиймээс тухайн шуудангийн 70 гаруй ажилтныг хяналтад авч 20 орчим хүнийг тусгаарласан. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос үүдэлтэй 4 тохиолдол батлагдсан. Эдгээр нь гэр бүлийн хавьтал болсон хүмүүс байгаа юм. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдэд хийсэн шинжилгээгээр гэр бүлээрээ халдварт өртөх 3, 4 тохиолдол бүртгэгдэж байна. ХӨСҮТ-д бас  гэр бүлтэй холбоотой тохиолдол батлагдсан зэрэг нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

 

Бид голомтыг тандан судлах ажлыг өргөн хүрээнд хийж, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтыг дотооодод нь хумьж байгаа ч гэр бүлээс салбарлаж, дамжсан халдварууд гарсаар байна. Вирус маш өндөр агууламжтай байна. Голомтолсон өвчлөлд Улаанбаатар хотод батлагдсан  429 тохиолдлын 3000 гаруй хавьтал байна. Иймд иргэд халдварт өртөх эрсдэлтэй. Өнгөрсөн шөнө гэхэд гэр бүлийн 3 хүн халдварт өртсөн нь батлагдлаа. Хаанаас халдвар авсан эх уурхайг судалж байна.Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байхгүй бол халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна.Нөхцөл байдал амаргүй байна. Халдвар тархах эрсдэл өндөр байна. Зочин урихгүй байхыг сануулъя. Хичнээн уйдсан ч, уламжлал тогтсон ч гэртээ зочин урихгүй байх, хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин