Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Ясан шүгэл
2021-01-02

 

Манай Улсын нутаг дэвсгэрээс хөгжмийн биет дурсгалууд хэд хэд олдсоноос хамгийн эрт цагт холбогдох хөгжмийн зэмсэг Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.


Тус олдворыг Монголын Үндэсний музейн археологичид 2018 онд Монгол-Америкийн хамтарсан “Баруун Монгол” төслийн хүрээнд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Замбын үзүүр хэмээх газар байрладаг ZaU-1 дугаартай дурсгалыг малтах үеэр олжээ.

 

Энэхүү олдвор нь мал, амьтны шагайт чөмөгний хоёр үзүүрийг огтолж, бүдүүн үзүүрийн ирмэг дээр доош харсан трапец хэлбэртэй хоног гаргаж цоолсон ясан эдлэл бөгөөд эртний анчдын ясан шовшуур буюу шүгэлний нэгэн төрөл болох юм.

 

Энэ ясан шүгэл нь хүрлийн хожуу үе буюу нарийвчилсан он цагаар (C14) НТӨ 1042±31 он гэж гарчээ. Үүнээс үзэхэд энэхүү ясан шүгэл нь одоогоор манай улсын нутгаас олдоод буй хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм.

Shuud.mn
Сонин хачин