Цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг 6 сараар сунгаж, ахмадуудад нэг сая төгрөг амлалаа
2021-01-02

УИХ шинэ оны босгон дээр  коронавирусийн цар тахлаас иргэдийнхээ амьжиргааг, эдийн засгаа хамгаалахад чиглэсэн хэд хэдэн шийдвэр гаргалаа.

 

Засгийн газрын өргөн барьсан Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин 6 сараар сунган баталлаа.Мөн түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх хууль баталлаа. Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо.

 

Мөн 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 07-р сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон. Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна.

 

Банкны зээлийн хүү, валютын хадгаламжийн хүү, дундаж хүүгийн зардал буурлаа. Үүнтэй уялдуулан бодлогын хүү ч гэсэн 6 хувь болж буурсан. Ирэх 2021 онд зээлийн хүү 1 оронтой тоонд орох нөхцөл бололцоо бүрдэж байна.

 

Макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч баялаг бүтээгчдийг төрөөс ковид-19-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төв банкинд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан оруулах зорилго бүхий 1.0 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоолыг нэр бүхий гишүүд өргөн барьсан.

 

Үүгээр шинэ оны босгон дээр, ирж байгаа шинэ ондоо эдийн засгаа дэмжих, эрч хүчийг нь нэмэгдүүлэх, цар тахлын дараах үед ч гэсэн хүү багатай зээлээр жижиг, дунд бизнесийг дэмжих багц асуудлуудыг шийдвэрлэнэ гэж УИХ-ын дарга онцолж байсан.

 

Ломбардын зээлийн хүүг тогтворжуулах, ломбардын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөл өргөн баригдаад байна. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын гишүүд буюу УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд энэ төслийг өргөн барьсан.

 

Түүнчлэн Коронавирусийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг гишүүд өргөн бариад байгаа. 

 

Шинэ жилийн мэндчилгээнд Ерөнхийлөгч Х.Баттулга нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг дахин дэвшүүлж байгаагаа онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ  УИХ-ын дарга нэг сая төгрөгийг бэлнээр ахмадуудад олгоно гэж амласнаар Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэллээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Яг үнэн, тэтгэврийн орлого тасалдаагүй шд
2021-01-03
Зочин:
Сонгууль бодож шийдвэр гаргах юм.Ахмадууд бол байнгын тэтгэврийн орлоготой.Цар тахлөас болж орлого нь өөрчлөгдөөгүй.Цар тахлаас болж орлогогүй болсон иргэдээ нэн тэргүүнд бодооч ээ.Дараа нь тэр амласан мөнгөө ахмадуудад өгөөч.
2021-01-03
Яг үнэн, тэтгэврийн орлого тасалдаагүй шд
Bзалу:
Залуу хүн өлсдөггүй юм бхдаа
2021-01-02