Франц: Хөл хорих цаг зөрчсөн 6.6 мянган хүн торгуулжээ
2021-01-02

Францад шинэ жилийн шөнө хөл хорих цаг зөрчсөн 6.6 мянган хүнд цагдаагийнхан торгууль бичсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 31-ний 20:00 цагаас нэгдүгээр сарын нэгний 06:00 хүртэл цагдаагийнхан 45.4 мянган хүнийг шалгахад 6650 хүн хүндэтгэх шалтгаангүйгээр хөл хорих цаг зөрчсөн нь тогтоогдсон байна. Францад ийм зөрчил анх удаа гаргавал 135 евро (shuud.mn: монгол мөнгөөр 431.9 мянган төгрөг), харин давтан зөрчил гаргавал торгуулийн хэмжээ 3750 евро (shuud.mn: монгол мөнгөөр 12 сая орчим төгрөг) хүртэл өндөр торгууль ногдуулдаг аж. 

 

Францад халдварын тохиолдол буурахгүй, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 2.64 сая халдвар бүртгэгдсэн байна. Улмаар Франц даяар хөл хорих цагийг 20:00 цагаас эхлэхээр тогтоож байв. Гэсэн ч халдварын нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас өнөөдөр буюу нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн коронавирусийн тахалд илүүтэй өртсөн 15 бүс нутагт хөл хорих цагийг чангатган, 18:00 цагаас эхлэн иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээс гарахыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин