COVID-19: Британид АстраЗенека вакциныг ашиглаж эхэллээ
2021-01-05

 

Британи, Шведийн хамтарсан Астра Зенека компани Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан вакциныг ашиглан хүн амыг вакцинжуулах ажил даваа гарагт Британид эхэлжээ. Британийн Эрүүл мэндийн үндэсний албаны мэдээлснээр, АстраЗенекагийн вакциныг хийлгэсэн анхны хүн нь 82 настай Брайан Пинкер болсон байна.

 

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдсэнээр одоогоор тус улс Оксфордын 530 мянган тун вакцинтай байгаа гэнэ. Харин энэ сарын дунд үез гэхэд вакцин үйлдвэрлэгчид долоо хоногт 2 сая тун вакцин үйлдвэрлэж, улмаар хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг түргэсгэнэ гэж эрх баригчид найдаж байгаа аж.

 

Энд дуулгахад, Их Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн зориулалтын бүтээгдэхүүний хяналтын хөндлөнгийн агентлаг АстраЗенека вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр тус улсад коронавирусийн эсрэг баталгаажсан хоёр дахь вакцин болсон юм. Өмнө нь Америк, Германы хамтарсан Pfizer вакциныг зөвшөөрч, улмаар 12 дугаар сарын наймны өдөр Британид вакцинжуулалт эхэлсэн юм. 

 

Вакцинжуулалтад нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, ахмадын асрах байранд амьдардаг хүмүүс болон 80-ээс дээш насныхан хамрагдах аж. Одоогийн байдлаар 1 сая гаруй хүн энэ вакцины эхний тунг хийлгэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин