ВИДЕО: Хууль гаргаж шүүгчдийг томилохгүй
2021-01-14

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа

12:40 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Дараагаар нь уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. 

 

Дараагаар нь УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 

Шүүгчдэд онцгой болон тусгай нөхцөлийн нэмэгдэл олгоно

 

 

10:20: цаг: 

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өөрчлөлт орж байна.Шүүхийг хараат бус байлгах зорилготой. 17 шүүгчийг буцаан ажилд нь томилсон уу?

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

 

-2013 онд Шүүхийн багц хууль батлахдаа ажлаа хийж байсан шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөөд 13 шүүгчийг томилоогүй. Ерөнхийлөгчийн зарлигаар. Эдгээр шүүгчид ажилд орох өргөдлөө өгсөн ч шийдвэрлэгдээгүй орхигдсон. Бид энэ хуулийг батлагдахад шинээр байгуулагдах ШЕЗ 13 шүүгчийг ажилд томилох саналыг ажлын хэсэг дээр миний бие гаргасан. Ерөнхийлөгчид Цэцээр энэ шүүгч нарыг томилуулах шийдвэр гаргуулахаар санал оруулсан ч дэмжигдээгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-13 шүүгч Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдөхдөө хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй. 13 шүүгчийг ажлаас нь халсан Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн. Гэхдээ ҮХЦ Ерөнхийлөгчийг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Ажлын хэсэг Х.Нямбаатар сайдын саналыг дэмжээгүй. Учир нь хууль гаргаж, шүүгчийг томилохгүй, хууль зөрчинө. 2013 оны тухайн шүүгчдийг чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, тухайн шүүгчдийн эрхийг сэргээх хуульзүйн гарц байгаа. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Цалин бууруулахгүй байх заалтыг хийгдсэн. Онцгой болон тусгай нөхцөлийн жилийн нэмэгдэл 25 хувь байсныг 40 хувь болгохоор шийдсэн. Анхан шатны шүүгч 2 сая, давж заалдах шатны шүүгч 3 сая орчим, Дээд шүүхийн шүүгч 4 сая орчим төгрөгийн цалин авдаг юм билээ.

 

 

Б.Баттөмөр нарын гишүүн өргөн мэдүүлсэн төслөө эргүүлэн татлаа

 

 

10:05 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Дараагаар нь батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов. 

 

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн хуулийг эргүүлэн татсныг сонсголоо. Б.Баттөмөр нарын гишүүн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачлан өргөн мэдүүлснээ татан авч байгаа аж. 

 

Ингээд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Юун цалин нэмэх вэ болиоч ээ
2021-01-14