ВИДЕО: Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хуульчилна
2021-01-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа тухай хөндлөө.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Төрийн албан хаагчдийн сахилга хариуцлагын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлага байгаа юм. Энэхүү хуулийг хэлэлцэх асуудалд оруулсан уу. Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 2020 оны есдүгээр сард төрийн албаныхны нэгдсэн семинарыг зохион байгуулсан. Мөн сүүлийн өдрүүдэд яригдаж байгаа асуудал ч төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал яригдаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй.

 

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт:

 

-Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг ярих ёстой. Бид Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хууль, Шилэн дасны хууль, Улсын бүртгэлийн багц хуулийг баталж хөрөнгө орлого, эзэмшлийн компани гээд бүх зүйл нийтэд ил байх болсон. Одоо 200 мянган төрийн албан хаагч төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байх, сахилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан хаагч бол ард түмний дарга биш ард түмэндээ үйлчилдэг үйлчлэгч байх ёстой. Төрийн албаны хуулиар ажлын байрны баталгаа, нийгмийн асуудлыг шийдэж өгсөн. Харин төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал орхигдсон байсан. Иймээс ХЗБХ-нд эцсийн хэлэлцүүлэг хийх явцад энэхүү хуулийн төслийг 2021 онд боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан, санал хураалгана. Шат шатандаа ажлаа сэтгэлээсээ хийдэг байх зохицуулалтыг хуулийн хүрээнд бий болгоно гэсэн юм.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин