ШУУД: 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.30/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14495 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн Интермед эмнэлэгт сайн дураар түргэвчилсэн шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан.  Иймд баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийхэд эерэг гарлаа.  Тандалт судалгаа үргэлжилж байна.  Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 908 болсон байна. Улаанбаатараас Дорноговь аймагт очиж замын ажил хийхээр явсан хүмүүсээс нэг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан учир Улаанбаатар хотод баталгаажуулахаар илгээсэн. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1234 байгаа. ХӨСҮТ-өөс Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү 22 хүнийг шилжүүлсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1742 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1321 байгаа. Өнөөдрийн байдлаар 408 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 353 хүн хөнгөн, хүндэвтэр 53, хүнд  1, маш хүнд 1 хүн байгаа

 

Сүүлийн үед халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж байна.  Баянзүрх дүүргийн 8-р хорооны X апартментын голомттой холбоотой  тохиолдол нийт 14, Наркологийн эмнэлгэгт батлагдсан тохиолдлоос эхтэй халдварын тоо 7, пиццаны газрын ажилтнаас эхтэй тохиолдол 11 болжээ. Мөн Баянгол дүүргийн 12-хорооны 19-р байрны голомт идэвхтэй хэвээр байгаа. Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг хүний дүү нь  өвдсөнтэй холбоотойгоор эгч нь халдварт өртсөн байна. Тухайн эгч нь найман тусгай хэрэгцээт хүүхэд асардаг асрамжийн газар ажилладаг. Үүнтэй холбоотой хоёр хүүхэд нь өвдсөн. Тиймээс багш, хүүхдүүдийг ажиглан тусгаарлах байранд байрлуулж тандалт судалгаа хийж байна. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин