ЕХ Навальныйг суллахыг уриалж, хориг тавина гэж "сүрдүүлжээ"
2021-02-04

Москвагийн дүүргийн шүүхээс шийтгэлийнх нь үлдсэн хоёр жил найман сарыг хорих ангид биеэр эдлэх шийдвэр сонссон Алексей Навальныйг "нэн даруй, нөхцөл тавилгүйгээр суллах"-ыг Европын холбоо Оросын эрх баригчдад хандан уриалжээ. 

 

"Навальныйг болон тайван жагсаал хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ ашигласны төлөө баривчлагдсан иргэд , сэтгүүлчдийг нэн даруй, нөхцөл тавилгүйгээр суллахыг Европын холбоо уриалж байна" хэмээн ЕХ-ны гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррелийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энэ мэдэгдэлд "ЕХ Навальныйд ял оноох Оросын эрх баригчдын шийдвэрийг шүүмжилж, үүнийг байж болшгүй, улс төрийн сэдэлтэй, хүний эрхийг хамгаалах салбар дахь Оросын олон улсын үүрэг хариуцлагатай зөрчилдсөн гэж үзэж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Түүнчлэн, болж буй үйл явдал нь сөрөг хүчин, иргэний нийгэм, хараат бус дуу хоолойг Оросын Холбооны Жлсад багасгах сөрөг чиг хандлага хадгалагдсаар байгааг батлаж байна хэмээн онцолсон байна. Тиймээс Гадаад харилцааны асуудлаарх хурлаараа ЕХ энэ асуудлыг хөндөн, цаашдын үр дагавар, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байгааг цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, Алексей Навальныйн тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчлөх шийдвэрийг дэлхийн олон орны улс төрчид шүүмжилж байлаа. Тухайлбал, Герман улс энэ шийдвэрийн дараа ОХУ ЕХ-ны зүгээс хориг арга хэмжээтэй нүүр тулж болзошгүй хэмээн анхааруулж байлаа. Тус улсын канцлер Ангела Меркель Навальныйг болон бусад жагсагчдыг нэн даруй суллах шаардлагатай хэмээн мэдэгдэж байв. 

 

Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Навальныйг хорих руу илгээх болсон шүүхийн шийдвэрийг "хулчгар үйлдэл" хэмээн нэрлэсэн бол Австрийн канцлер Себастьян Курц "байж болшгүй хэрэг" хэмээн мэдэгдсэн юм.

 

Мөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Твиттер хуудсандаа орос хэлээр "Алексей Навальныйд оноосон шийтгэл байж болшгүй. Улс төрийн санал зөрүүтэй байдал хэзээ ч гэмт хэрэгт тооцогдох ёсгүй. Бид түүнийг нэн даруй суллахыг уриалж байна. Хүний эрхийг болон ардчилсан эрх чөлөөг хүндэтгэх шаардлагыг хэлэлцэх ёсгүй" хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Харин АНУ Оросын сөрөг хүчний улс төрчтэй холбоотой үйл явдлын хариуд ямар арга хэмжээ авахаа хэлэлцэж байгаа хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдээд Орост болсон эсэргүүцлийн ажиллагааг хүчээр дарсанд харамсаж байгаагаа илэрхийлж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин