Өнгөрсөн сард дэлхий дахинд хүнсний үнэ эрс өсчээ
2021-02-05

 

2021 оны нэгдүгээр сард хүнсний түүхий эдийн бүтээгдэхүүний дэлхийн үнэ сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрчээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн үнэ найман сар дараалан өсч байгаа гэнэ.

 

Үндсэн нэр төрлийн олон улсын үнийн сар тутмын өөрчлөлтийг тусгадаг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний үнийн индексийн дундаж утга нэгдүгээр сард 113.3 хувь байсан нь 2020 оны 12 дугаар сартай харьцуулахад 4.3 хувиар өссөн дүн юм байна. Үүний зэрэгцээ хүнсний үнийн индекс 2014 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр утгад хүрчээ. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын онцолсноор үр тариа, ургамлын тос, элсэн чихэр бусад хүнсний бүтээгдэхүүнээс илүүтэй үнэд орсон байна.

 

Тодруулбал, үр тарианы үнийн индекс сарын хугацаанд 7.1 хувиар өсчээ. Энэ нь эрдэнэшишийн олон улсын үнэ эрс өссөнтэй холбоотой бөгөөд эрдэнэшиш 2020 оны нэгдүгээр сарын түвшнийг 42.3 хувиар давж, өнгөрсөн сард 11.2 хувиар өссөн гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тайлбарласан байна. Улаан буудайн үнэ 6.8 хувиар өсчээ. Энэ нь дэлхийн эрэлт их байсны дээр ОХУ-аас нийлүүлэх борлуулалтын хэмжээ багассантай холбоотой гэнэ. Орост 2021 гуравдугаар сараас улаан буудайн экспортын татвар хоёр дахин нэмэгдэж байгаа нь гадаад зах зээлрүү хүргэх нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. 

 

Ургамлын тосны үнийн индекс 5.8 хувиар өсч, 2012 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

 

"Их хэмжээний хур тунадас болон цагаач ажилчид дутагдалтай байсны улмаас Индонези, Малайзд дал модны тосны үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Түүнчлэн Аргентинд ажил хаялт үргэлжилсээр байгаа нь буурцагны тосны экспорт буурахад нөлөөлсөн. Эдгээр шалтгаануудын улмаас ургамлын тосны үнэ өсч байна" хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлд онцолжээ.

 

Элсэн чихрийн үнийн индекс 12 дугаар сартай харьцуулахад 8.1 хувиар өссөн бол сүүн бүтээгдэхүүний үнэ 1.6 хувь, махны үнэ 1 хувиар тус тус өссөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин