Мьянмар: Бүх нийтийн ажил хаялт өрнөж, жагсагчдыг ус шүршин тараав
2021-02-09

Мьянмарын олон мянган төрийн албан хаагч даваа гарагт ажилдаа гаралгүй, томоохон хотуудын гудамжид цуглан, "Ардчиллын төлөөх үндэсний лиг"-ийн тэргүүн Аун Сан Су Жиг суллаж, ардчилсан засаглалыг сэргээхийг шаарджээ. Олон нийтийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэгүүдээс харахад эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг усан буу ашигласан байна. 

 

Өнгөрсөн даваа гарагт тус улсын цэргийнхэн төрийн эрхийг гартаа авч, 2020 оны 11 дүгээр сард болсон сонгууль луйврын сонгууль байсан хэмээн мэдэгдсэн юм. Тэд шинээр сонгогдсон парламентын эхний хурлыг ч хийлгэлгүй ийнхүү төрийн эргэлт хийж, онц байдал болон хөл хорих цаг тогтоон, Ерөнхийлөгч Вин Мьин, "Ардчиллын төлөөх үндэсний лиг"-ийн тэргүүн Аун Сан Су Жи болон өөр олон зуун улс төрч, депутат, намын идэвхтнүүдийг гэрийн хорионд оруулсан. 

 

Хорионд орсон Аун Сан Су Жи цэргийн эргэлтийг эсэргүүцэхийг ард түмэндээ хандан уриалж байсан бөгөөд мьянмарчууд ч энэ уриалгад нэгдэн, олон өдөр жагсаж, цэргийнхнийг эсэргүүцсээр байгаа юм. Өнгөрсөн ням гарагт гэхэд л Мьянмарт 2007 онд тухайн үеийн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн буддын лам нарын жагсаалаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй жагсаал болж өнгөрчээ.

 

Бүх нийтийн ажил хаялт
Би-Би-Си агентлагийн мэдээлснээр, олон мянган багш, эмч, хуульч, банкны ажилтан, төрийн албан хаагчид ажилдаа гаралгүй, Нейпьидо төвд болон өөр хоёр том хот болох Янгон, Мандалайд цугларчээ. Янгоны захын дүүрэгт мянга орчим багш нэгдэн хотын төв рүү эсэргүүцлийн жаргсаал хийж алхсан байна. 

 

Даваа гарагийн өглөө Нейпьидод цагдаагийнхан усан буутай хоёр машин ашиглан жагсагчдыг тараахыг оролдсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ үеэр хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ.

 

Жагсагчид руу ус шүршиж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан Киау Зейяр гэх иргэн Би-Би-Си агентлагт ярихдаа хүмүүс цагдаагийн байрны урд тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж байх үед урьдчилан сануулалгүй гэнэт ус цуцаж эхэлсэн гэнэ. Түүний өгүүлснээр үд дунд нөхцөл байдал тогтворжиж, эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байсан бөгөөд цагдаагийн автомашинууд жагсаалыг зөвхөн ажиглаж байжээ. Мөн сүүлийн хэдэн цагт хүчирхийллийн талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Мөн энэ өдөр интернетэд эсэргүүцлээ илэрхийлэн ажил хаях уриалгууд олноор гарчээ. 

"Өнөөдөр ажлын өдөр, гэхдээ бид цалингаасаа хасуулсан ч гэсэн ажилдаа явахгүй" хэмээн хувцасны үйлдвэрийнх ажилтан, 28 настай Хнин Тазин Франс пресс агентлагт ярьсан байна. 

 

Зүүн Өмнөд Ази хариуцсан Би-Би-Си агентлагийн сурвалжлагч Жонатан Хэдийн мэдээлснээр, бямба болон ням гарагийн эсэргүүцлийн арга хэмжээнүүд шинэ төвшинд гарсан ч илэрхий харагдах удирдагч байгаагүй гэнэ. Хүмүүс гагцхүү өөрсдийн хүсэл зоригоор нэгдсэн гэж тэрбээр онцолжээ.

 

Цэргийнхнээс бүрдсэн эрх баригчид болж буй үйл явдалд одоогоор хариу өгөхгүй, харин Фейсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг тус улсад өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээнүүдийг хаахаар оролдож байгаа гэнэ. 

 

Мьянмар: Цэргийнхэн төрд гарч, Аун Сан Су Жи тэмцэлд уриалав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин