Ёсихидэ Суга: Газар хөдлөлтийн улмаас 153 хүн гэмтсэн
2021-02-15

Хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас 12 хүн хүнд гэмтсэн талаар Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга даваа гарагт мэдэгдлээ. Түүний онцолсноор, газар хөдлөлтийн улмаас нийтдээ 153 хүн гэмтсэн, хүний амь нас хохироогүй гэнэ. 

 

"Өнөөдрийн байдлаар 12 хүн хүнд гэмтсэн, 141 хүн харьцангуй хөнгөн гэмтэлтэй талаар надад мэдээлсэн" хэмээн Суга мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Японы Ерөнхий сайдын мэдэгдсэнээр хурдны төмөр замын нэг хэсэгт эвдрэл гарсны улмаас галт тэрэгний хөдөлгөөн урьдын адил хязгаарлагдсан байгаа гэнэ. Газар хөдлөлтөөс үүдсэн хагарал Хонсю арлын зүүн урд хэсэг дэх хурдны авто замыг ч мөн эвдэлжээ. Газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт хэвийн амьдралыг сэргээхийн тулд Засгийн газар шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэж Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 13-ны бямба гарагт Японы Фукушима мужаас зүүн хойд зүгт Номхон далайд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн чичирхийлэлт арван мужид мэдрэгдсэн бөгөөд долоо хоногийн туршид чичирхийлэлт үргэлжилж болзошгүйг Японы Үндэсний цаг уурын газар анхааруулжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн дараах чичирхийлэлт 20 гаруй бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин