Хятад олон нийтийн сүлжээнд тавих хяналтаа чангаруулна
2021-02-18

Хятадын эрх баригчид олон нийтийн сүлжээн дэх нийтлэлүүдэд тавих хяналтаа чангатгахаар болсон талаар ТАСС мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх долоо хоногоос эхлэн блогчид Засгийн газраас дэмжсэн бүртгэлтэй болох гэнэ. Ийм бүртгэл хийлгээгүй бол улс төр, эдийн засаг, цэрэг болон олон улсын харилцааны асуудлаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтлэх боломжгүй аж. Түүнчлэн хориглосон сэдвүүдийн жагсаалтад эрүүл мэнд, шүүх ажиллагааны тухай сэдэв ч багтжээ. 

 

Ингэснээр зөвхөн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон албан ёсны суртал ухуулга хийх зориулалттай нээсэн хэрэглэгчид л дээрх төрлийн материалуудыг нийтлэх боломжтой болох нь гэж олон нийт эмээж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр зөрчлийг Хятадын Цахим орон зайн захиргаа хянах бөгөөд хувийн бүртгэлүүд болон мэдээллийн тавцангуудыг стандартчлах зорилгоор ийм аян өрнүүлж байгаа гэж захиргаа мэдэгджээ. Түүнчлэн "олон нийтийн үзэл бодлыг зөв чиглүүлэх" чиг хандлагыг олон нийтийн сүлжээнд баримтлах ёстой гэж онцолсон байна. 

 

Дээрх төрлийн зөвшөөрөл авах журам анх 2017 оноос эхлэн үйлчилжээ. Гэхдээ Хятадын эрх баригчид олон нийтийн сүлжээг бүхэлд нь хянах гэж хичээгээгүй байна. Энэ бодлого нь Ши Жинпиний баримталж буй бодлогын гол хэсгүүдийн нэг бөгөөд "цахим хараат бус байдал" гэж нэрлэсэн бодлогын хүрээнд Хятадын эрх баригчид цахим орон зайд хязгаарлалт тавьж, зохицуулалт хийж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин