Мьянмарт бүх нийтийн ажил хаялт эхэлж, цэргийнхнийг эсэргүүцэв
Уржигдар 08 цаг 30 минутад

 

Мьянмарын томоохон хотуудын гудамжинд олон мянган хүн цуглан, хоёрдугаар сарын нэгэнд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэж байна. Гудамжны эсэргүүцлийн ажиллагаанууд нь тус улсад эхэлсэн бүх нийтийн ажил хаялтын ердөө нэг хэсэг нь гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Өнгөрсөн ням гарагт ээлжит эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэд цагдаагийнхантай мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан байна. Тиймдээ ч Цэргийн засгийн газар иргэд дахин жагсаж байгаа нь хүний амь насыг хохироож мэдэх аюултай замд орж байгаа хэрэг хэмээн сануулжээ. 

 

"Эсэргүүцлийн ажиллагааны зохицуулагчид хүмүүсийг амь насаа алдах сөргөлдөөнд түлхэж байна" хэмээн улсын телевизийн хөтлөгчид мэдээлж байгаа бол цэргийнхний хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийг эсэргүүцэл, эмх замбараагүй байдлаас зайлсхийхийг уриалж байгаа аж. 

Мьянмарын нийслэл Нейпьидо болон бусад томоохон хотуудад олон зуун цэргийн албан хаагчийг дайчилжээ .

 

Янгон дахь эсэргүүцэл

Эсэргүүцэгчид Мьянмарын Ерөнхийлөгч болон удирдагч Аун Сан Су Жи нарыг нэн даруй суллаж, цэргийнхнийг засгийн эрх мэдлээс холдохыг шаардаж байгаа юм. 

Эсэргүүцлийн ажиллагаа Мьянмарын бүхий л том хотуудад өрнөж, олон нийтийн сүлжээнд тавигдсан зургуудаас харахад эдгээр ажиллагаанд маш олон тооны хүн оролцон, туг далбаа барьж, уриа лоозон хашгирч байгаа гэнэ. 

Frontier сонины редактор Томпсон Чаугийн өгүүлснээр энэ удаагийн эсэргүүцэл илүү өргөн цар хүрээтэй болсны улмаас ихэнх зам хаагдаж, дэлгүүрүүд хаалттай байгаа аж. 

"Өнөөдөр асар өргөн цар хүрээтэй ажил хаялт болж байна. Хүмүүс зүгээр л ажилдаа яваагүй. Татварынхан, сэтгүүлчид, эмч нар болон нийтийн үйлчилгээнийхэн зэрэг төрийн албаныхан ч эсэргүүцэлд нэгдэж байна" хэмээн Чау ВВС агентлагт ярьжээ.

 

Эсэргүүцлийн шинэ давалгааг тус улсын түүхэн дэх хамгийн цуст үйл явдал болсон 1988 оны наймдугаар сарын бослоготой зүйрлэж байгаа юм. Тухайн үед цэргийнхэн олон зуун жагсагчийн амийг хөнөөж байлаа. 

 

Цэргийн эргэлт

Хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын цэргийнхэн Ерөнхийлөгч болон төрийн зөвлөхийг баривчлан, улмаар цэргийн эргэлт хийсэн. Үүний шалтгаан нь цэргийнхний дэмжлэгтэй нам өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуульд ялагдал хүлээсэн явдал юм. 

Энэ сонгуулиар Аун Сан Су Жигийн удирддаг "Ардчиллын өтлөөх үндэсний лиг" нам Парламентын суудлын 83 хувийг авчээ. Харин цэргийнхэн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй, Ерөнхийлөгч болон Сонгуулийн төв комиссын даргын эсрэг Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Улмаар нэгдүгээр сарын сүүлээр Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин хууль хэрэгжихгүй бол үндсэн хуулийг цуцална хэмээн сүрдүүлэх үеэр л цэргийн эргэлт гарч болзошгүй нь гэсэн болгоомжлол гарч байлаа.

Харин хоёрдугаар сарын нэгний өдрийн үйл явдлын дараа Мьянмарын Зэвсэгт хүчин 1962 оноос хойш анхны цэргийн эргэлт хийсэн гэдгээ албан ёсоор баталсан юм. Цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг  баривчилсныхаа дараа хэрэгт буруутгасан. Аун Сан Су Жигийн гэрт нэгжлэг хийх үеэр богино долгионы станцууд илрүүлж, эдгээр төхөөрөмжүүдийг Мьянмар руу хууль бусаар нэвтрүүлсэн, ашигласан гэж цагдаагийнхан буруутгаж байгаа бол Ерөнхийлөгч асан Вин Мьинийг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр вирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа гэнэ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин