Ихрийнхээ оронд төрийн албаны шалгалт өгөх гэж байгаад ажлаасаа халагджээ
2021-03-10

Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс сэтгүүлчдэд шалгалтын бэлтгэл ажил, цахим системийн талаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2021.03.10/ зохион байгууллаа.

 

 

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Ерөнхий шалгалт бол хөгжлийн санг бүрдүүлж байгаа. Улс орон, айл гэр хөгжихөд, амьдрал амар амгалан байх хүнээс шалтгаална. Тиймээс хүний нөөцийн сан бүрдүүлж байгаа юм. Төрийн албаны шалгалт бол “мангас” биш. Оюуны чадамжтай хүн төрийн албанд ажилд ороход бэлэн” гэв.

 

Өмнөх шалгалтаар төрийн байгууллагад ажилладаг хүн ихрийнхээ оронд шалгалт өгсөн зөрчил илэрчээ. Улмаар ажлаасаа халагдсан байна. Энэ жилийн шалгалтын үйл ажиллагааны онцлог нь шалгалтад оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулан шалгалтыг авах тул шалгуулагчаас өөр иргэн шалгалтад орох зөрчил гарахгүй. Нийслэл, 21 аймгийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянах боломжийг бүрдүүлжээ.

 

Мөн Төв аймагт коронавирусийн голомт үүсч, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахгүй. Халдвар намжсаны дараа явуулна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүд онцоллоо.

 

Тус зөвлөлөөс шалгалтад бэлтгэгчдэд зориулан сорилын номыг цаасан хэлбэрээр хүргэснээс гадна сорилыг цахимд байршуулан, өдөр бүр 35-50 тестийг байршлуулах, шалгалтын сорилыг агуулсан гар утасны аппликейшнийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн иргэдийн статистик мэдээллийг харахад 2019 онд 5.4 хувь нь тэнцсэн бол 2020 онд 6.0 хувь болж өссөн байна. Тэнцсэн иргэдийн насыг авч үзвэл 41 ба түүнээс дээш насныхан 10.3 хувь, 25 хүртэлх насныхан 25.0 хувьтай байна. Тэнцсэн иргэдийн мэргэжлийн хувьд эрхзүйч хүмүүс хамгийн их буюу 14.8 хувийг эзэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин