Вакцин хийлгэсэн хүмүүсийн 48,8 хувьд нь хариу урвалууд илэрч байна
2021-03-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.10/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Нийслэлийн хэмжээнд 35 цэгт 48 дархлаажуулалтын баг нийт 420 гаруй эмч мэргэжилтэн өчигдөр вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Гуравдугаар сарын 09-ний байдлаар нийт 30446 хүнийг вакцинд хамруулжээ. Тодруулбал,

 

  • 47,1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд,

  • 16,6 хувь нь хариу арга хэмжээний багт оролцож байгаа бусад салбарын алба хаагчид

  • 11,3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-ийн ажилчид байгаа. Үлдсэн нь дайчлагдан ажиллах хүмүүс, худалдааны төвийн ажилчид бий. 

 

Одоогийн байдлаар ноцтой хүндрэл, урвал мэдээлэгдээгүй. Вакцин хийлгэсний дараа илэрдэг хариу урвал вакцины зааварт тусгагдсан түвшинд байна. Тодруулбал, вакцин тариулсны дараа халуурах шинж тэмдэг нийт хамрагдсан хүмүүсийн 60 хувьд нь илэрнэ гэж вакцины зааварт тусгагдсан. Мөн 40-50 хувьд хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрнэ. 

 

Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 48,8 хувьд нь хариу урвалууд илэрч байна. Эдгээр хариу урвалуудыг иргэн өөрөө ажиглана. Хариу урвал илэрсэн тохиолдолд мэдээлээд таагүй байгаа тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 94 баг 1200 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. 

 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин