Испани вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлнэ
2021-03-11

Испанийн эрх баригчид коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст цахим баримт бичиг олгох тал дээр ажиллаж байгаа гэж тус улсын Аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын сайд Мария Рейес Марото мэдэгдсэнийг РБК дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сар гэхэд цахим гэрчилгээ олгож эхлэхээр төлөвлөсөн гэнэ. Испанийн Мадрид хотод тавдугаар сарын 19-ний өдөр "Fitur" нэртэй аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болох бөгөөд энэ нь "аялал жуулчлалын сэргэн мандалт" болно гэж сайд онцолсон байна. Мөн яармаг нээгдэх үеэр вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст цахим гэрчилгээ олгож эхэлнэ гэж эрх баригчид төлөвлөж байгаа аж. 

 

Одоогийн байдлаар Испанид 4.8 сая хүн вакцины эхний тун, 1.4 сая хүн хоёр тун тариулсан байна. Дөрөвдүгээр сар гэхэд Испанийн хүн амын 30-40 хувийг вакцинд хамруулахаар тооцоолсон гэж Испанийн Аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын сайд Мария Рейес Марото мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Австрийн канцлер Себастьян Курц Европын холбооны орнуудад коронавирусийн вакцин тариулсан хүмүүст зориулан "ногоон паспорт" олгохыг хоёрдугаар сарын 25-ны өдөр санал болгож байлаа. Тэрбээр энэ төрлийн баримт бичгийг хэдийнэ нэвтрүүлсэн Израиль улсыг жишээ татаж байв. Энэ саналыг Германы канцлер Ангела Меркель дэмжиж, ЕХ-ны гишүүн орнууд вакцинжуулалтын цахим гэрчилгээ нэвтрүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгтэй байгааг мэдэгдэж байлаа.

 

Financial Times сонины мэдээлснээр Еврокомисс аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцэн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлахын тулд вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг түргэвчлэхийг хичээж байгаа гэнэ. COVID-19 паспорт нь зөвхөн холбооны гишүүн орнуудын хооронд төдийгүй гуравдагч орнуудтай харилцах агаарын хилээ нээхэд ч дэм болно гэж Европын холбоо үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СЭТГҮҮЛЧИД ЭЭ! НААД БИЧИЖ БАЙГАА ЮМАА БИЧИГ ЗҮЙН ТАЛААС НЬ АНХААРЧ БИЧ Л ДЭЭ. ЮУ ГЭЖ ИСПАНИ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГЭЖ БИЧИХ ВЭ ДЭЭ. ИСПАНИД ВАКЦИНЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ ГЭДЭГ Ч ЮМ УУ.... УТГА, ҮГ ЗҮЙН НАЙРУУЛГА ЮМ МЭДДЭГГҮЙ ТӨГСЧИХДӨГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ. УНШИХАД Ч ЭВГҮЙ ЮМ. БИЧГИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ БҮР ШАЛДАА БУУЖ ДЭЭ ЧААВААС. ЗӨВ БИЧИХ БОЛ БҮР ХОЛ.
2021-03-11