Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 8 арга
2021-03-13

Бүтээлч сэтгэлгээ бол асуудлыг шийдэх зэрэг шинэ зүйлийг амьдралд бий болгох, өөр шинэлэг байдлаар нэвтрүүлэх чадвар юм. Бүтээлч сэтгэлгээ нь аливаа асуудлыг богино хугацаанд барьж аван, хүндрэлтэй нөхцлөөс гарах хэвшмэл бус арга замыг олоход тусалдаг. Энэхүү сэтгэлгээ нь зөвхөн уран бүтээлтэй холбоотой хүмүүст л хэрэгтэй байдаг зан чанар биш. Бүтээлч сэтгэлгээтэй бол өдөр тутмын төрөл бүрийн асуудлыг шийдэх боломжтой. 

Энэ сэтгэлгээний нөөц боломж хүн бүрт байх бөгөөд үүний түвшнийг CQ (Creativity quotient) буюу бүтээлч байдлын коэффициентээр хэмждэг. Энэ нь IQ-тэй хамааралгүйн дээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж болдог гэж мэргэжилтнүүд үздэг юм. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хялбархан дасгалуудыг хүргэж байна.

 

1. Өөрийгөө эерэг бодлоор цэнэглэ

 

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд сэтгэлзүйгээ онцгойлон бэлдэх хэрэгтэй. Хүн өөрийгөө азгүй нэгэн гэж боддог бол тэр шинээ санаа гаргаж чадахгүй. Айдас, эргэлзээ, сөрөг далд ухамсрууд нь бүтээлч эхлэлийг дардаг аж.

 

Танд чухамхүү юу саад болж байгааг олж тогтоохыг хичээ. Зарим хүмүүс тэнэг харагдахаас айдаг, зарим нь өөртөө итгэлгүй, эсвэл шүүмжлэлээс айдаг байх нь ч бий. Ихэвчлэн ийм айдас болгоомжлол хүүхэд насанд үүссэн итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Тиймээс л хүмүүс аливаа үйл явдлыг сөрөг талаас нь хардаг байна.

 

Үүнийг даван туулахын тулд амжилтынхаа талаар аль болох ойр ойрхон дурсаж, гагцхүү сайн сайхан бодол дээр анхаарлаа төвлөрүүл. Эерэг сэтгэгдэл тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжин, амгалан тайван байдлыг бий болгодог. Тиймээс л өөрийн сэтгэгдэл болон өөрийгөө үнэлэх үнэлэмжээ сайжруулах хэрэгтэй.

 

Хуудас цаас аван түүнийгээ дундуур нь хуваан зур. Зүүн талд нь зорилгодоо хүрэхэд тань саад болж буй айдсуудыг жагсаан бичээрэй. Харин нөгөө талд айдсаа даван гарах дэлгэрэнгүй төлөвлөгөө гарга. Энэ дасгалыг тогтмол хийвэл та таагүй бодлуудаа эерэг болгон сольж чаддаг болно. 

 

2. Хослуулах аргыг ашигла 

Бүтээлч эхлэлийг өөртөө бий болгож, идэвхтэй сэтгэлгээг өдөөхөд хослуулах арга ихээхэн тус болдог. Бүтээлч сэтгэлгээ бол "юмс хоорондын уялдаа холбоог үүсгэх л төдий зүйл юм" гэж Стив Жобс хэлж байв. Өөрт байгаа туршлагуудаас өөр өөр туршлагыг хооронд нь нэгтгэснээр хүн өөр нэг шинэлэг чадварыг бий болгодог.

 

Үүнийг хөгжүүлэхийн тулд аливаа эд зүйлийг сонгон авч, түүнийг ашиглах хэвшмэл бус аргуудыг бодож олохыг хичээ. Тухайлбал гялгар уутыг гутал, усанд ороход өмсөх малгайны оронд ашиглах гэх мэт. 

 

Өөр нэг дасгал нь санаандгүйгээр холбох арга юм. Толь бичиг эсвэл өөр нэг зузаан номыг нээж, аль нэг үгийг хуруугаараа заан, түүнийгээ цаасан дээр бичнэ. Энэ үйлдлийг хэдэнтээ давтана. Дараа нь бичиж авсан үгсээ хооронд нь холбож, бүхэл бүтэн түүх зохион бичих гээд оролдоод үз.  Аажмаар тархи уялдаа холбоог хурдан бий болгож, өвөрмөц содон санаануудыг гаргаж эхэлнэ. 

3. Өөрийгөө захирлын оронд тавиад үз


Дүрд хувиран тоглох нь шинэ санаа гаргах чадварыг хөгжүүлэхэд ихээхэн тусалдаг. Автобусанд явж байх үедээ эсвэл нэг их сонирхол татахгүй уулзалтын үеэр өөрийгөө өөр хүний оронд тавин төсөөлөөд үз. Содон захиалга гүйцэтгэх ёстой уран барилгач, эсвэл уналтын ирмэг дээр байгаа том компанийн захирал ч юм уу. Хямралын эсрэг ямар арга хэмжээ дампуурлаас аварч, ажил хэргийг аварч үлдэх талаар бодоод үз.  Санаандаа зохиож бодсон асуудлуудыг хэвшмэл бус аргаар шийдвэрлэж, өвөрмөц байдлаар тайлвал бүр сайн. 


4. Хоёр дахь гараа ашигла

 

Ихэнх хүмүүс баруун гараа л ашигладаг, тиймдээ ч энэ гар нь илүү хурдтай, оновчтой байдаг.  Баруун гарыг тархины зүүн тал бөмбөрцөг удирддаг бөгөөд энэ тал бидний аналитик сэтгэлгээг хариуцдаг юм. Харин төсөөлөнб одох чадвар, сэтгэл хөдлөлийн оюун ухааныг баруун тал бөмбөрцөг хариуцдаг аж.

 

Тиймээс өдөр тутмын үйлдлүүдийг зарим тохиолдолд зүүн гараараа хийвэл бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой аж. Солгой хүмүүс баруун гараа ашиглан ийм дасгал хийвэл тархийг өдөөн, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ.

 

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд зураг зурах нь ихээхэн сайн дасгал болдог. Цагаан цаас, өнгийн харандаа бэлдэж хялбархан дүрсүүд зур. Эдгээрийг санаанаасаа зохион, амьдрал дээр байдаггүй зүйлс зурсан бол бүр сайн. Үүний дараа таван минут завсарлаад мөн л энэ зургаа зурах бөгөөд гэхдээ энэ удаад нөгөө гараараа зурна. Эсвэл баруун болон зүүн гартаа харандаа барьж, толины тусгал мэтээр эрвээхий зурах гэж оролдоод үзээрэй. Гарыг нэгэн зэрэг эсвэл ээлжлэн хөдөлгөж ч болно. Энэ даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа бол бэлэн зурган дээр цэгийг дагуулан зурах дасгал хийгээрэй.

 

5. Шинэ санаагаа тэмдэглэж авах

 

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд байнга суралцах шаардлагатай. Өөрт таалагдсан ном уншиж, авьяаслаг, тантай ижил байр суурьтай хүмүүстэй ярилц. 

 

Өөрт орж ирсэн санаануудыг алдалгүй, хийсвэр мэт санагдсан ч толгойд орж ирсэн шинэ санаа бүрээ тэмдэглэж аваарай. Бүтээлч санаанууд тун санаандгүй нөхцлүүдэд толгойд орж ирдэг. Тухайлбал Архимед алдарт хуулиа усанд орж байхдаа нээсэн гэдэг. Тиймээс шинэ санаа орж ирснээ мартахгүй тэмдэглэж авахын тулд тусгай дэвтэр гарган үргэлж өөртөө авч яваарай. Явуут дундаа бичих боломжгүй бол гар утасны яриа бичигчийг ашиглаж болно. Харин дараа нь ийнхүү бичсэн яриагаа текст болгон буулгахаа мартуузай. Дараа нь эдгээр санаануудыг хараад танд шинэ төсөл ч орж ирж болох юм.

 

6. Хуучин зүйлсийг шинээр ашиглах арга ол


Хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэвшмэл үйлдлүүдээ хийсээр л байдаг. Тиймээс зөвхөн ажил хоббиндоо төдийгүй аливаа үйлдэл бүр дээр бүтээлч хандахыг хичээ. Хуучин эд зүйлсийг шинээр ашиглаж, хэрэгтэй эд зүйл болгон хэрэглэх гэж үзээрэй.  Түүнчлэн найзуудынхаа хамтаар шинэ кино үзэхдээ дууг нь хааж, дүрүүдэд дуу оруулж үз. Мөн номны талыг уншаад өөрөө төгсгөлийг нь бодож олж болох юм.

 

7. Цахим сургалтад бүртгүүлэх


Шинэ сэтгэгдэл нь өөрөөр сэтгэхэд туслахаас гадна тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Байнга ирж буй мэдээллийн ачаар мэдрэлийн шинэ эсүүд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог үүсгэдэг байна. Тиймээс шинэ хөгжим сонсож, шинэ кино үзэж, янз бүрийн кафе, зоогийн газруудад шинэ хоол туршин, аялах хэрэгтэй. Түүнчлэн хэвшил болсон чиглэлээ өөрчлөн өөр замаар яваад үз. Өмнө нь байнга зун амардаг байсан бол дараагийн удаад өвөл амраад үзэхэд ч гэмгүй.

 

Энэ бүхэн нь тархины ажиллагаагүй байгаа системүүдийг ажиллуулж, асуудлыг өөрөөр харж, шийдвэрлэх боломжийг олгодог. Сургалтын өөр нэгэн дэлгэрсэн арга нь цахим сургалт юм. Энэ нь цар тахлын үед гэрээсээ гаралгүй өөрийгөө хөгжүүлэх маш тохиромжтой арга. 

 

8. Кофе шопт ажиллах гээд үзээрэй

 

Шинэ санаа төрөхөд орчноо солих нь ихээхэн чухал байдаг. Хүн удаан хугацаанд нэг газар ажиллахад анхаарал сул болж, алдаа гаргах нь ихэсдэг байна. Тиймээс ажлын ширээн дээрээсээ хэрэггүй зүйлсийг холдуулж, шинээр бичиг хэрэгсэл тавьж, ширээ эсвэл ширээний гэрлийг солиод үзээрэй. Түүнчлэн кофе шопт ажиллах гэж оролдоод үз. Энэ нь нийтлэл бичих эсвэл ажлын төслөө дуусгахад таатай орчин болох нь бийы. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин