Мьянмар: Янгонд дайны байдал тогтоов
2021-03-15


Хоёрдугаар сард төрийн эрхийг булаасан Мьянмарын цэргийнхэн гуравдугаар сарын 14-ний ням гарагт тус улсын томоохон хот болох Янгоны хоёр дүүрэгт дайны байдал тогтоожээ. Янгоны командлагч "аюулгүй байдлыг дэмжих, хууль ёс, амгалан тайван байдлыг хангах" зорилгоор зохих бүрэн эрхтэй болж байгаа талаар Мьянмарын улсын телевизээр дамжуулсан цэргийнхний мэдэгдэлд онцолсон байна. 

 

Онцгой бүрэн эрх нь Янгон хотын Хойд тойрогт орших Хлайнтайа болон Швепит дүүргүүдэд хамаарах гэнэ. Энэ дүүрэгт ням гарагт хүчнийхэн 15 жагсагчийг хөнөөжээ. Цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш Мьянмарын ард түмэн хоёр сар орчим хугацаанд өдөр бүр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа бөгөөд энэ жагсаалыг дарахын тулд цэрэг, цагдаагийнхан хүч хэрэглэсний улмаас нийтдээ 120 гаруй хүн амиа алдсан байна. 

 

Ийнхүү Мьянмарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгааг Нэгдсэн Үндэстний Байгууллага эрс шүүмжилж, жагсагчдыг дэмжих олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалжээ.

 

"Олон улс, тэр дундаа бүс нутгийн зүтгэлтнүүд Мтянмарын ард түмэн болон ардчилалд тэмүүлэх тэмүүлэлтэй эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн нэгдэх ёстой" хэмээн НҮБ-ын Зүүн Өмнөд Азийн орнуудын тусгай элч Кристине Шранер Бургенер мэдэгджээ.

 


Мьянмарын төрийн эргэлт 

Хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон Засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд Ерөнхийлөгчөөр томилсон юм.

 

Улмаар гуравдугаар сарын нэгний өдөр Мьянмарын гол удирдагч гэгддэг Аун Сан Су Жиг шүүх хурал болж, тэрбээр энэ хуралд видео холбоогоор оролцсон. Аун Сан Су Жи бүтэн сарын хугацаанд гэрийн хорионд байгаа юм. Анхлаад түүнийг богино долгионы станц хууль бусаар зөөвөрлөсөн, хадгалсан хэмээн буруутгаж байлаа. Харин дараа нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн гэж нэмж буруутгасан бол даваа гарагт болсон шүүх хурлаар түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр эрүүл ахуйн журам зөрчсөн гэсэн хэргээр буруутгажээ.

Аун Сан Су Жид анхлан тулгаж байсан хэргийн улмаас түүнд гурав хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй байсан. Харин одоо түүнийг буруутгах хэргүүд нэмэгдсэн тул өдгөө 75 настай Аун Сан Су Жи хэдэн жилийн хорих ял авах нь тодорхойгүй байгаа юм. Дараагийн шүүх хурал нь өнөөдөр буюу  гуравдугаар сарын 15-ны өдөр болно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин